bnr-0
Ли Жэ Мён Өмнөд Солонгосын дараагийн Ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай байна
04 сарын 14, 2025
ХУВААЛЦАХ
  • Ли Жэ Мён зургадугаар сарын 3-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшинэ.
  • Тэрбээр эдийн засгийг сэргээж, Умард Солонгостой харилцааг зөөлрүүлэхээ амлав.
  • Монголын улс төрийн хүрээтэй ойр харилцаатай нь хоёр улсын харилцаанд эергээр нөлөөлж болзошгүй.
Монголын хувьд улс төр судлаачдын үзэж буйгаар Ли Жэ Мён нь эрх баригч Монгол Ардын Намын зарим удирдлагатай нягт харилцаатай нэгэн бөгөөд хэрэв тэр Ерөнхийлөгч болбол хоёр улсын харилцаанд шинэ агуулга, хамтын ажиллагааны шинэ давалгаа бий болох магадлал өндөр байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын улс төрд хамгийн анхаарал татаж буй нэр бол одоогоор сөрөг хүчний удирдагч Ли Жэ Мён болоод байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр албан ёсоор нэр дэвшиж буйгаа өнгөрсөн долоо хоногт зарлаж, улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн доройтлыг засах амлалт өглөө.

2024 оны сүүлчээр Ерөнхийлөгч асан Юн Сок Ёль онц байдал зарласан нь түүнийг албан тушаалаасаа огцроход хүргэж, БНСУ-ын Үндсэн хуулийн цэцээс энэ оны дөрөвдүгээр сарын 4-нд албан ёсоор баталгаажуулснаар шинэ сонгууль зарлахаар болоод буй. Ерөнхийлөгчийн сонгууль 50 хоногийн дараа буюу ирэх зургадугаар сарын 3-нд болох бөгөөд Ли Жэ Мён одоогоор Gallup-ийн санал асуулгаар 34 хувийн дэмжлэгтэйгээр тасархай тэргүүлж байна. Түүний гол өрсөлдөгч болох Хөдөлмөрийн сайд асан Ким Мүн Су дөнгөж 9 хувийн дэмжлэгтэй буй нь ялалтын магадлалыг улам нэмэгдүүлж байна.

Монголын хувьд улс төр судлаачдын үзэж буйгаар Ли Жэ Мён нь эрх баригч Монгол Ардын Намын зарим удирдлагатай нягт харилцаатай нэгэн бөгөөд хэрэв тэр Ерөнхийлөгч болбол хоёр улсын харилцаанд шинэ агуулга, хамтын ажиллагааны шинэ давалгаа бий болох магадлал өндөр байна.

Ли өмнө нь буюу 2022 онд болсон сонгуульд Юн Сок Ёльд маш багахан зөрүүтэй ялагдаж байсан. Харин өнгөрсөн жил тэрбээр Ардчилсан намыг удирдан парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь түүнийг улс төрийн тавцанд дахин хүчтэй гаргаж ирсэн юм. Гэсэн хэдий ч түүний нэр дэвших зам дардан бус байна. Хөрөнгө оруулалттай холбоотой дуулианд нэр холбогдсон төдийгүй өмнө нь сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэх шүүхийн маргаануудаас бүрэн ангижраагүй байгаа юм.

Гэсэн ч Ли эдийн засгийн бодит үр өгөөж өгөх шинэ хөрөнгө оруулалт, дотоодын үйлдвэрлэл, инновацад тулгуурласан бодлого баримталж буйгаа илэрхийлээд буй. Ли “Хөдөлмөрлөсөн хүнд үр шим нь ирдэг шударга тогтолцоог бий болгоно” хэмээн амлаад буй.

Гадаад бодлогын хувьд АНУ, Япон зэрэг холбоотонтой харилцаагаа хадгалж, Умард Солонгостой уян хатан, прагматик харилцаа хөгжүүлэх байр суурь илэрхийлсэн нь тэрбээр Дональд Трамптай ойр ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлж буй юм.   

mobile-logo