- АНУ-д үйлдвэрлэлээ буцаах нь зардлыг хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн компаниуд онцолжээ.
- Автоматжуулалт хүний ажлын байрыг орлох хандлага давамгайлж байна.
- Тарифын бодлого хэрэглээний уналт, эдийн засгийн агшилтад хүргэнэ гэж 63 хувь нь үзэв.

Дональд Трампын худалдааны хатуу бодлого Америкийн компаниудад хүссэн үр дүнг авчраагүйг CNBC-ийн шинэ судалгаа харууллаа. Судалгаанд оролцсон 380 компанийн дийлэнх нь үйлдвэрлэлээ АНУ-д эргүүлэн татахын оронд хямд тарифтай улс орнуудыг сонирхож “глобал аян” эхлүүлэх нь илүү оновчтой гэж дүгнэжээ.
Эдгээр компанийн 57 хувь нь АНУ-д үйлдвэрээ нээхэд хамгийн том саад бол өртөг гэж үзсэн бол 21 хувь нь мэргэжлийн боловсон хүчний хомсдолыг нэрлэсэн байна. Түүнчлэн, үйлдвэрлэлээ буцах тохиолдолд ажлын байр нэмэгдэхгүй бөгөөд 81 хувь нь автоматжуулалтыг голчлохоо илэрхийлсэн нь шинэ ажлын байрыг робот орлохыг харуулж байна.
Үүний зэрэгцээ тарифын бодлого хэрэглэгчдийн хэтэвчинд шууд нөлөөлөх нь тодорхой болжээ. Судалгаанд оролцогчдын 61 хувь нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэн худалдан авалт буурна гэж тооцоолж байгаа бол 63 хувь нь эдийн засаг уналтад орно гэсэн хүлээлттэй байна. Зарим нь бүр захиалгаа цуцалсан бол ихэнх нь бүтээгдэхүүний үнээ нэмэхээс өөр гарцгүй болжээ.
Эрэлт буурах хамгийн өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүнд өргөн хэрэглээний бараа 44 хувь, тавилга 19 хувь, тансаг хэрэглээний бүтээгдэхүүн 19 хувь тус тус багтаж байна. Энэ бүхэн нь ирэх хугацаанд Америк руу эргэн нүүж буй цөөн хэдэн үйлдвэрлэлүүд голчлон робот, программ хангамжид түшиглэхийг илтгэж байна.
Гэвч судалгаанд оролцогчдын олонх нь АНУ-ын одоогийн төрийн бодлогыг компаниудад “дарамт үзүүлж байна” хэмээн шүүмжилсэн. Тэдний үзэж буйгаар тарифаар шахах энэ төрлийн арга нь томоохон корпорацуудад төдийлөн нөлөөлөхгүй ч жижиг дунд бизнес, гарааны компаниудад том цохилт болж ажилгүйдлийн түвшин өсөх нөхцөлийг бүрдүүлж магадгүй байна.
Технологийн цөөн томоохон компани өндөр үнэтэй төслүүдээ АНУ-д хэрэгжүүлэхээ мэдэгдсэн ч нийтлэг дүр зураг бол эсрэг чиглэлд буйг энэхүү судалгаа тодорхой харууллаа. Трампын тарифын бодлого ийнхүү үйлдвэрлэлийн шилжилтийг дотогш бус, гадагш түлхэж эхэлжээ.