bnr-0
“Татварыг нэг хувь болгоё” санаачилга УИХ-ын үүдийг албан ёсоор тогшлоо
04 сарын 15, 2025
ХУВААЛЦАХ
  • 100 мянган иргэний гарын үсэг хуулийн төсөл өргөн барих үндэслэл болов.
  • Залуусын хувьд татварын дарамт хамгийн их мэдрэгдэж буй аж.
  • Төсвийн алдагдлыг нөхөхөөр төр өөрийгөө цомхотгох гарц яригдаж эхэллээ.
Хувь хүний орлогын албан татварыг 10 хувиас 1 хувь болгохыг шаардсан цахим давалгаа УИХ-ын босгыг албан ёсоор давлаа.

Хувь хүний орлогын албан татварыг 10 хувиас 1 хувь болгохыг шаардсан цахим давалгаа УИХ-ын босгыг албан ёсоор давлаа. Иргэн Р.Шинэгэрэлийн эхлүүлсэн санал санаачилга долоохон хоногийн дотор 100 мянган хүний дэмжлэг авсан нь хуулийн төсөл санаачлах босгыг хангасан хэрэг болж буй юм.

Энэ саналыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжиж хуулийн төсөл боловсруулахаа зарлав. Ингэснээр олон нийтийн бухимдал богино хугацаанд парламентын танхим руу орж ирсэн тохиолдлын нэг болж байна.

Татварын дарамт хамгийн ихээр мэдрэгдэж буй нь залуучууд. Санал өгсөн иргэдийн талаас илүү буюу 18-30 насныхан санаачилгыг дэмжин гарын үсгээ зуржээ. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Энэ нь амьдрах өртөг ямар өндөр болсныг харуулж байна” хэмээн дүгнэсэн байна. Нөгөө талаас татварын үр ашиг, буцаан олголт мэдрэгдэхгүй байгаа нь иргэдийн бухимдлыг улам нэмж буй. “Өндөр татвартай орнууд иргэддээ буцаан олголт өгдөг учраас гомдоллодоггүй. Харин манайд ийм тогтолцоо байхгүй. Тиймээс нэг хувийн тэгш татварын санал үндэслэлтэй” гэж УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа мэдэгдлээ.

Гэхдээ энэ хөдөлгөөн улс төрийн “наадам”-ын сэдэв болж хувирах вий гэх болгоомжлол ч бий. Зарим ажиглагчид улс төрчдийн “попрол” аль хэдийн эхэлсэн хэмээн анхааруулж байна. Огт дэмжигдэх боломжгүй асуудлыг хүртэл түр хугацааныы сэдэв болгон “зориудаар сэвэх” байдал гишүүдийн дунд түгээмэл гардаг гэж улстөрийн ажиглагчид хэлж буй юм. Одоо асуудлыг УИХ дахь Ардын намын бүлэг хэрхэн хүлээн авч УИХ-ын чуулганаар хэр бодитой хэлэлцэх нь л шийдлийн гол түлхүүр болон үлдэж байна. Өөрөөр хэлбэл олон нийтийн дэмжлэг угаасаа байгаа учраас тэднийг ухуулан тайлагнах бус гишүүдээ сэнхрүүлж “гэрийн даалгавраа хийх” үүрэг асуудлыг дэмжигч УИХ-ын гишүүдэд ногдож байна.

Эдийн засгийн талаас нь авч үзвэл, өнгөрсөн онд улсын төсвийн нийт орлого 27 их наяд төгрөг байсны 1.7 их наяд нь орлогын албан татвараас бүрдсэн. Хэрвээ энэ татварыг 1 хувь болгон бууруулбал ихээхэн алдагдал үүсэх нь тодорхой. Тиймээс татварыг багасгахын хажуугаар төрийн зардлыг бууруулах, хөрөнгө оруулалт татах, бизнесийг дэмжих зэрэг цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг УИХ-ын гишүүн Г.Очирбат онцолжээ.

Ажиглагчдын хэлж буйгаар “Татварыг нэг хувь болгоё” гэдэг уриа бол зүгээр нэг цахим давалгаа биш санхүүгийн ирээдүйгээ хамгаалах гэсэн нийгмийн бодит шаардлага болон гарч ирлээ.Улс төрийн намууд үүнийг үл ойшоовол итгэлийн хямрал улам гүнзгийрэх нь.  Харин хүлээлтэд хариуцлагатай хандаж эдийн засгийн эрсдэлийг тооцсон, шударга шийдэл гаргаж чадвал энэ нь магадгүй Монголын татварын шинэ эриний эхлэл ч байж мэднэ.   

mobile-logo