- Монгол Улс 2025 оны эхний улиралд 5.6 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийжээ
- Экспорт 3.0 тэрбум ам.долларт хүрсэн ч өнгөрсөн оны мөн үеэс 637.5 сая ам.доллараар буурсан байна
- Нүүрс, алт, махны орлого огцом буурсан нь нийт экспортын уналтад гол нөлөө үзүүлжээ

Монгол Улс 2025 оны эхний гурван сард нийт 128 улстай худалдаа хийжээ. Үр дүнд нь гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.6 тэрбум ам.долларт хүрсэн ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.3 хувиар буюу 504.1 сая ам.доллараар багассан үзүүлэлттэй гарлаа.
Үүнээс экспортын хэмжээ 3.0 тэрбум ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеэс даруй 637.5 сая ам.доллараар буурсан бол импорт 2.5 тэрбум ам.долларт хүрч, 133.4 сая ам.доллараар өссөн байна.
Нүүрсний экспортын орлого өөдлөхгүй бол 2025 онд бүхэлдээ бүтэн жилийн туршид экспортын алдагдлаар үргэлжлэх магадлал өндөр болж байна.
Гадаад худалдааны тэнцэл 465.1 сая ам.долларын ашигтай гарсан ч энэ нь өнгөрсөн оны мөн үеийн 1.2 тэрбум ам.долларын ашигтай харьцуулахад 62.4 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Өөрөөр хэлбэл, өмнөх оны ашигтай байдал энэ улиралд эрс багасч, экспортын бууралт худалдааны бодит байдлыг харуулж байна.
Экспорт буурахад гол нөлөө үзүүлсэн бараанууд дотор нүүрс 882.8 сая ам.долларын уналтаар тэргүүлсэн бол алт 46.5 сая, хонины болон ямааны мах 18.9 сая, төмрийн хүдэр болон баяжмал 16.4 сая, боловсруулаагүй газрын тос 13.5 сая ам.доллараар тус тус буурч экспортын орлогыг хойш татжээ.
Харин тоон мэдээлэл дотор эерэг өөрчлөлт ажиглагдсан салбар ч байгаа юм. Зэсийн экспорт 291.8 сая ам.доллараар, цайр 39.7 сая ам.доллараар, жонш 29.3 сая ам.доллараар тус тус өсч, зарим салбарын дэмжлэгийг илэрхийлсэн байна.
Энэ удаагийн гадаад худалдааны тоо мэдээлэл Монголын экспортын бүтэц нүүрс болон алт зэрэг цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс өндөр хамааралтай байгааг дахин нотолж байгаа юм. Гадаад зах зээл дэх эрэлт болон үнэ хэлбэлзэхэд Монголын эдийн засаг савлах эрсдэл хэвэндээ. Үүнтэй зэрэгцэн импорт нэмэгдсэн нь дотоодын хэрэглээ болон гадаад худалдан авалтын хандлага төдийгүй ханшийн нөлөөг илэрхийлж байна. Мөн нүүрсний экспортын орлого өөдлөхгүй бол 2025 онд бүхэлдээ бүтэн жилийн туршид экспортын алдагдлаар үргэлжлэх магадлал өндөр боллоо