bnr-0
БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулна
03 сарын 12, 2025
ХУВААЛЦАХ
  • Монгол болон БНСУ-ын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар худалдааны бараа эргэлт одоо байгаа түвшнээс даруй 2 дахин тэлэх боломжтой.
  • Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Урьдчилсан судалгаагаар энэ гэрээг байгуулах нь манай улсад илүү ашигтай гэсэн судалгааны үр дүн гарсан гэж танилцуулав.

Монгол улс 2015 онд Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан бөгөөд хоёр дахь гэрээг байгуулахаар холбогдох яамд, агентлагуудын төлөөллийг хамруулсан нийт 150 орчим гишүүнтэй ажлын хэсгүүд ажиллаж, Эдийн засаг, хөгжлийн яам ахалж байна. 

Өнгөрсөн хугацаанд хоёр тал дөрвөн шатны албан ёсны хэлэлцээг хийсэн ба хэлэлцээрийн талаар аж ахуйн нэгж, олон нийтэд мэдээлэл өгч, гадаад худалдаа, бизнес эрхлэгчдийн саналыг авах зорилгоор нийт 3 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. 

Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Урьдчилсан судалгаагаар энэ гэрээг байгуулах нь манай улсад ашигтай гэсэн судалгааны үр дүн гарсан гэж танилцуулав.   

Тус хэлэлцээрийн үйлчилгээний бүлэг нь Дэлхийн худалдааны байгууллагын GATS ("Үйлчилгээний худалдааны ерөнхий хэлэлцээр") -ийн жишгээр хийгдэж байгаа ба төрөөс үзүүлэх үйлчилгээ, төрийн худалдан авалт, нислэгийн үйл ажиллагаа, далайн тээврийн каботаж, Засгийн газраас олгодог татаас, хөнгөлөлттэй зээл, хөдөлмөрийн зах зээл, хувь хүний байнгын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хамрагддаггүй. Хэлэлцээрээр хүлээх үүрэг амлалтад нийцэхгүй байгаа одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж болон ирээдүйд өөрчлөгдөж болох буюу бодлогын өөрчлөлт хийх боломжтой салбарын талаар талууд хэлэлцээрийн хавсралтаар тохиролцож байгаа аж. 

БНСУ нь АНУ, Канад, Сингапур, БНХАУ гэх мэт улстай 22 удаагийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулжээ. Тус улстай Монгол Улсын байгуулах эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь дараах 14 бүлэгтэй. Үүнд:

Барааны худалдаа (Худалдааны арга хэмжээ);

Үйлчилгээний худалдаа (Харилцаа холбоо, Санхүүгийн үйлчилгээ, Бизнес эрхлэгчдийг түр нэвтрүүлэх);

Гарал үүслийн дүрэм (Дүрэм, үйл ажиллагаа);

Хөрөнгө оруулалт;

Гаалийн журам ба худалдааг хөнгөвчлөх;

Засгийн газрын худалдан авалт;

Худалдаан дахь техникийн саад тотгор;

Эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээ;

Эдийн засгийн хамтын ажиллагаа;

Оюуны өмчийн эрх;

Өрсөлдөөн;

Байгаль орчин;

Цахим худалдаа;

Хууль эрх зүйн болон институцын асуудал.

mobile-logo