- Чех улс оршин суугч гадаадын иргэдэд хүүхэд төрүүлсний тэтгэмж болгон 130 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгодог.
- Монгол Улсын иргэд Чех улсад төлсөн нийгмийн даатгалаа эх орондоо тооцуулж, тэтгэвэрт гарах боломж бүрджээ.
- Европ дахь монголчуудын хамгийн олноор суурьшдаг, сурдаг орнуудын эгнээнд Чех улс багтаж байна.

Чех улс өөрийн иргэншилгүй боловч хууль ёсоор оршин суугаа гадны иргэдэд ээлтэй бодлого хэрэгжүүлдэг орнуудын нэг ажээ. Тус улсад амьдарч буй монгол иргэдийн хувьд хамгийн том давуу тал нь хүүхэд төрүүлсний дараах санхүүгийн дэмжлэг бөгөөд Чехийн засгийн газраас гурван жилийн хугацаанд нийт 130 хүртэлх сая төгрөгийн тэтгэмж олгодог байна. Энэ нь ажил хийхгүй хүүхдээ асрах боломжийг бүрдүүлэхээс гадна орон сууцны зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Монгол иргэдээс Европын холбооны орнуудад хамгийн олноор оршин суудаг улсуудын нэг нь Чех бөгөөд тус улсад 14 мянга орчим монгол иргэн амьдардаг.
Монгол Улсын иргэд Чех улсад ажиллахдаа төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ эх орондоо тооцуулж, тэтгэвэр тогтоолгох эрх зүйн орчин бүрдсэн нь тэнд ажиллаж буй монголчуудад чухал ач холбогдолтой шийдвэр болжээ. Чехийн Засгийн газартай хийсэн нийгмийн даатгал харилцан хүлээн зөвшөөрөх гэрээ нь Европт ажиллаж амьдарч буй монголчуудад ирээдүйдээ санаа зовохгүй байх боломжийг олгож байгаа юм.
Чехэд Европын холбооны бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хөдөлмөрийн хөлс харьцангуй бага хэдий ч монгол иргэдийн хэлж буйгаар татварын дарамт бага, ажиллах орчин харьцангуй хөнгөн, хүнсний болон өргөн хэрэглээний барааны үнэ боломжийн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ байнга өсч байгаа зэрэг олон давуу талтай гэж үздэг байна