- Хятадын технологийн аварга “Huawei” компани өөрсдийн шинэ бүтээгдэхүүнийг есдүгээр сарын 10-нд Бээжингийн цагаар 14:30 цагт танилцуулахаар боллоо.
- “Apple” компани iPhone 16 гар утасны "It's Glowtime" хэмээх танилцуулга арга хэмжээг есдүгээр сарын 9-нд зохион байгуулна хэмээн мэдэгдсэн юм.
- iPhone үйлдвэрлэгч энэ оны хоёрдугаар улиралд Хятадын зах зээлд эзлэх хувь хэмжээгээрээ шилдэг таван ухаалаг гар утас үйлдвэрлэгчийн тооноос хасагдаад буй.
Хятадын технологийн аварга “Huawei” компани өөрсдийн шинэ бүтээгдэхүүнийг есдүгээр сарын 10-нд Бээжингийн цагаар 14:30 цагт танилцуулахаар боллоо. Уг арга хэмжээ нь тус компанийн өрсөлдөгч АНУ-ын Apple-ийн шинэ бүтэгдэхүүний танилцуулгаас хэдхэн цагийн дараа товлогдоод буй.
“Apple” компани iPhone 16 гар утасны "It's Glowtime" хэмээх танилцуулга арга хэмжээг есдүгээр сарын 9-нд зохион байгуулна хэмээн мэдэгдсэн юм.
Харин “Huawei” компанийн хувьд ямар бүтээгдэхүүн танилцуулах нь тодорхойгүй байгаа ч салбарын мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар “инновац болон шинэлэг” байдлын харуулах төлөвтэй байгаа аж.
“Huawei” нь дэлхийн ухаалаг гар утасны хамгийн том тоглогчдын нэг байсан ч АНУ-аас Хятад улсад хагас дамжуулагч чипийн нийлүүлэлтэд хязгаарлалт тавьснаар тус компани хамгийн сүүлийн үеийн хагас дамжуулагчийг ашиглах эрхгүй болсон юм.
Хятад дахь дотоодын өрсөлдөөн “Apple” компанийн хувьд томоохон сорилт болоод байгаа юм. iPhone үйлдвэрлэгч энэ оны хоёрдугаар улиралд Хятадын зах зээлд эзлэх хувь хэмжээгээрээ шилдэг таван ухаалаг гар утас үйлдвэрлэгчийн тооноос хасагдаад буй. Харин “Huawei”-ийн ухаалаг утасны нийлүүлэлт энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 41 хувиар өссөн байна.