bnr-0
Иргэдийн хүсэл хүчтэй: Орлогын татварыг 1 хувь болгох асуудлыг УИХ хэлэлцэнэ
04 сарын 11, 2025
ХУВААЛЦАХ
  • Иргэн Р.Шинэгэрэлийн гаргасан саналыг 100 мянга гаруй хүн дэмжжээ.
  • Татварын хэмжээг 1 хувь болгох саналыг УИХ хэлэлцэхээр шийдвэрлэж, Ажлын хэсэгт шилжүүлсэн.
  • Цаашид хууль болгох эсэх нь шинжилгээ, дүгнэлтээс хамаарах юм.
Санал хураалтын дүнд оролцогчдын олонхын дэмжлэгтэйгээр иргэний санаачилгыг албан ёсоор Ажлын хэсэгт шилжүүлэн судлахаар болсон нь энэ удаагийн хуралдааны чухал үр дүн байлаа.

Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулах тухай иргэн Р.Шинэгэрэлийн санаачилга олон нийтийн анхаарлыг татаж, улмаар Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэв.

2025 оны гуравдугаар сарын 25-нд иргэн Р.Шинэгэрэл цахим D-өргөдлийн системд дээрх агуулгатай санал гаргасан бөгөөд ердөө долоо хоногийн дотор 100,187 иргэн уг санаачилгыг дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-д заасан шаардлагыг ийнхүү хангасан тул өргөдлийг УИХ-ын дарга албан ёсоор хэлэлцүүлэх шийдвэр гаргаж, Төсвийн байнгын хороонд шилжүүлжээ.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хуралдааны үеэр энэ асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэх хууль ёсны зохицуулалттайг гишүүдэд сануулсан. Түүнчлэн, Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, шаардлагатай бол шинэ хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй Ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан бөгөөд энэхүү өргөдлийг мөн уг Ажлын хэсэгт шилжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Хуралдаанд оролцсон гишүүд уг асуудлаар асуулт асууж, санал хэлээгүй ч санал хураалтын дүнд оролцогчдын олонхын дэмжлэгтэйгээр иргэний санаачилгыг албан ёсоор Ажлын хэсэгт шилжүүлэн судлахаар болсон нь энэ удаагийн хуралдааны чухал үр дүн байлаа.

Өргөдлийн ард 100 мянгаас давсан иргэн дэмжигчээр зогсож буй нь анх удаа ийм өндөр идэвх, оролцоотой иргэний санал хуулийн байгууллагад хэлэлцэгдэж эхэлж буйг харуулж байна. Энэ нь цаашид Монголын хууль тогтоох явцад иргэдийн оролцоо нэмэгдэх хандлагын эхлэл байж мэдэхээр байна.

Одоо асуудал Татварын багц хуулийн хэрэгжилт, үр дагаврыг нарийвчлан судлах ажлын хэсгийн гар дээр очоод байгаа бөгөөд тэдний дүгнэлт, шийдвэрээс хамаарч татварын хувь хэмжээг өөрчлөх хуулийн төсөл боловсруулагдаж, цаашид хууль болон хэрэгжих эсэх нь шийдэгдэх юм. Иргэдийн хүлээлт өндөр байгаа энэ үед улс төрчдийн шийдвэр нийгмийн анхаарлын төвд байх нь тодорхой байна.   

mobile-logo