bnr-0
CNBC Тайлбар: Гурилын гаалийн албан татвар ба тэгш бус байдал
04 сарын 30, 2025
ХУВААЛЦАХ
  • Байнгын хороод хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
  • Гурилын үнийн ялгаатай байдал, бүс нутгийн тэгш бус байдалд гишүүд шүүмжлэлтэй хандлаа.
  • Хэрэгжих хугацааг тавдугаар сарын 20-ны өдөр болгон өөрчлөхийг олонх нь дэмжив.
Гурилын үнийн хөдөлгөөн нь зөвхөн эдийн засгийн асуудал бус, нийгмийн тэгш байдал, бүс нутгийн хөгжлийн ялгааг ч илтгэх хэмжээнд хүрчээ.

Хуулийн хэлэлцүүлэг

Өнөөдөр УИХ-ын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-д заасны дагуу хэлэлцүүлгийг зүйл заалт тус бүрээр хийв.

Гишүүд хэлэлцүүлгийн үеэр бүс нутгийн хүнсний хангамжийн тэгш бус байдал, гурилын үнийн зөрүүтэй байдал, зохицуулалтын орчны асуудлыг онцлон хөндлөө. Тухайлбал, З.Мэндсайхан, Б.Бейсен, Т.Аубакир, Ц.Идэрбат, Ж.Батжаргал, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, Х.Ганхуяг нар нийслэлд 1500-1800 төгрөгөөр зарагдаж байгаа килограмм гурил баруун бүсэд 1700 км тээвэрлэсний дараа үнэ нь хоёр дахин өсөж иргэдэд хүрдэг талаар хөндөв. Баруун бүсийн иргэд жилдээ 15 мянган тонн гурил хэрэглэдэг тул гишүүд хил орчмын бүс нутгаас хямд үнэтэй гурил импортлох бололцоог бүрдүүлэх боломжийг асуусан байна.

“Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль”-ийг шууд хүчингүй болгохоос илүүтэйгээр бүс нутгийн онцлогт нийцсэн квот, импортын уян хатан зохицуулалтыг нэвтрүүлэх шаардлагатай хэмээн үзэж буйгаа зарим гишүүд илэрхийллээ. Өмнөх жилүүдэд Хүнсний тухай хууль, Ерөнхий сайдаар ахлуулсан Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс стратегийн хүнсний барааны үнэ, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах чиглэлд үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хариултдаа онцолсон юм.

Харин улаанбуудайн гаалийн татварыг зохицуулах хууль хүчингүй болсон тул уг төсөл батлагдсанаар Засгийн газар дахин зохицуулалт хийх боломж бүрдэнэ гэж тайлбарлав.

Хэлэлцүүлгийн үеэр төслийн хэрэгжих хугацаатай холбоотой заалтад өөрчлөлт оруулах санал дэвшүүлж “дөрөвдүгээр сарын 1” гэсэн хугацааг “тавдугаар сарын 20” болгон өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өндөрлөж, Байнгын хороодын санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Гурилын үнэ, түүний өсөх шалтгаан

Монгол Улсад гурил бол хүнсний аюулгүй байдлын гол тулгуур, өдөр тутмын хэрэглээний зайлшгүй бүтээгдэхүүн. Ийм ч учраас түүний үнийн хөдөлгөөн нь зөвхөн эдийн засгийн асуудал бус, нийгмийн тэгш байдал, бүс нутгийн хөгжлийн ялгааг ч илтгэх хэмжээнд хүрчээ. Сүүлийн жилүүдэд гурилын үнэ тогтмол өсөж буй нь гагцхүү нийлүүлэлт, эрэлтийн хуулиар тайлбарлагдахгүй бөгөөд бодлого, бүтэц, зах зээлийн олон талт доголдлыг илэрхийлж байгааг шинжээчид хэлж буй юм.

Монголын гурилын гол үйлдвэрлэгчид нийслэл болон төвийн бүсэд төвлөрсөн байдаг тул алслагдсан аймаг, сумдад бүтээгдэхүүн хүргэх зардал асар өндөр. Зарим тохиолдолд 1700 км хүртэл тээврийн зардал нэмэгдэж, энэ нь жижиглэнгийн үнийг хөөргөдөх гол хүчин зүйл болдог. Үүнийг дагаад хөдөө орон нутгийн иргэдийн худалдан авах чадвар буурч, хэрэглээний тэгш бус байдал гүнзгийрч байна.

Нөгөө талаас, дотоодын гурилын үйлдвэрлэлийн зардал буурахгүй, харин ч өсөх хандлагатай хэвээр. Улаанбуудайн тариалалтад хэрэглэгддэг бордоо, үр, түлш, техник хэрэгсэл зэрэг гол орцуудын бараг бүгдийг гадаадаас импортолдог учир валютын ханшийн савлагаа, дэлхийн зах зээлийн хэлбэлзэл нөлөөлдөг. Цаг агаарын эрсдэлтэй уур амьсгал, хөрөнгө оруулалтын хомсдол энэ салбарын тогтвортой байдлыг улам дордуулдаг нь илт.

Мөн олон эдийн засагчдын үзэж буйгаар гол асуудлын нэг нь зах зээлийн өрсөлдөөний хомсдолд оршиж байна. Өнөөдөр дотоодын гурилын зах зээл цөөн тооны томоохон үйлдвэрлэгчийн гарт төвлөрч, хэрэглэгчдийн сонголт хязгаарлагдсан, үнийг үйлдвэрлэгч талдаа тогтоодог бүтэц үүсчээ. Импортын гурилын гаалийн татвар нь дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах мэт харагдавч, үнэн хэрэгтээ хэрэглэгчдэд үнийн ачаалал болон буудаг байна. Энэ нь зах зээлийн эрүүл өрсөлдөөн, үнийн тэнцвэрийг алдагдуулж буй бодлогын алдаа гэж эдийн засагчид дүгнэж байна.

Тэгвэл гарц нь юу вэ? Бүсчилсэн, зорилтот зохицуулалт хийх нь илүү оновчтой. Жишээлбэл, алслагдсан бүс нутгуудад импортын хямд үнэтэй гурилыг тодорхой квотын хүрээнд, түр хугацаагаар татваргүй оруулах эрх зүйн боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн бүс нутгийн үнийн дарамтыг шууд зөөллөх бололцоотой. Үүнийг дагаад төрөөс орон нутгийн агуулах, ложистикийн сүлжээг дэмжих, тээврийн зардлыг бууруулах бодлого зайлшгүй шаардагдана.

Мөн дотоодын үйлдвэрлэлийн бүтээмжийг сайжруулахын тулд техник, технологийн шинэчлэлд чиглэсэн урамшуулал, хөнгөлөлттэй зээл, даатгалын дэмжлэг хэрэгтэй байна. Зөвхөн томоохон үйлдвэрлэгчид бус, жижиг дунд гурилын үйлдвэрүүд, хувийн импортлогчдод тэгш оролцоо олгож, зах зээлд эрүүл өрсөлдөөний суурь бий болгох нь үнэ хөөрөхөөс сэргийлэх хамгийн тогтвортой механизм болох юм.   

mobile-logo