bnr-0
"Tesla" IPO хийсний 15 жилийн ой: Компанийн хувьцааны ханш 300 дахин өсчээ
07 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
  • "Tesla"-ийн хувьцааны ханш 15 жилийн дотор 300 дахин өсөж, үнэлгээ нь 1 их наяд ам.долларт хүрэв.
  • Тухайн үед “Tesla”-ийн хувьцаанд 10,000 ам.долларын хөрөнгө оруулсан бол өнөөдөр энэ хөрөнгө 3 сая ам.доллар болсон байх байв.
  • "Tesla" салбарын тэргүүлэгч байр сууриа цаашид хадгалах эсэх нь Илон Маскийн өгсөн амлалтууд хэр бодитой биелэхээс шалтгаална.
Илон Маскийн үзэж буйгаар, “Tesla”-ийн ирээдүй зөвхөн цахилгаан автомашинд бус, бүрэн автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл болон “Optimus” хэмээх хүн төрхт роботын хөгжилд оршиж байгаа аж.

"Tesla" компани 2010 оны зургадугаар сарын 29-нд анхлан IPO хийж, хувьцаагаа олон нийтэд санал болгож байв. Тухайн үед компанийн нийт орлого 150 сая ам.доллараар хэмжигдэж, үүнийг зөвхөн хоёр хүний суудалтай “Roadster” цахилгаан спорт автомашины борлуулалт бүрдүүлж байжээ. Харин “Model S” загвар үйлдвэрлэлийн шатандаа байсан ба хоёр жилийн дараа худалдаанд гарсан түүхтэй.

Харин өнөөдөр тус компанийн хувьцааны ханш 300 дахин өсчээ. Хэрвээ тухайн үед “Tesla”-ийн хувьцаанд 10,000 ам.долларын хөрөнгө оруулсан бол өнөөдөр энэ хөрөнгө 3 сая ам.доллар болсон байх байв. Харин ижил хэмжээний хөрөнгийг S&P 500 индекст байршуулсан бол дөнгөж 57,000 ам.доллар хүрэх байжээ.

Сүүлийн 15 жилд “Tesla” асар хурдацтай өсөж, зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд ам.долларыг даван, дэлхийн хамгийн үнэлгээтэй компаниудын нэг болсон. Өнөөдөр компанийн орлогын гол эх үүсвэр нь “Model Y” болон “Model 3” загвар бөгөөд гүйцэтгэх захирал Илон Маскийн үзэж буйгаар, “Tesla”-ийн ирээдүй зөвхөн цахилгаан автомашинд бус, бүрэн автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл болон “Optimus” хэмээх хүн төрхт роботын хөгжилд оршиж байгаа аж. Тэрбээр тус роботыг “Tesla”-ийн зах зээлийн үнэлгээг ирээдүйд 25 их наяд ам.долларт хүргэх нөөц бололцоотой гэж үздэг.

Гэвч сүүлийн үед компанийн үйл ажиллагаа олон сорилттой тулгараад буй. 2025 онд цахилгаан автомашины салбарт өрсөлдөөн ширүүссэнээс шалтгаалж борлуулалт суларч, Европын зах зээлд тав дахь сардаа дараалан шинэ автомашины борлуулалт буурчээ. АНУ-д “Cybertruck” загвар зах зээлийн хүлээлтэд хүрээгүйгээс гадна худалдан авагчдаас олон буцаалт бүртгэгджээ. Улмаар “Tesla”-ийн хувьцааны ханш энэ онд 20 орчим хувиар буурсан нь бусад томоохон технологийн компаниудтай харьцуулахад тааруу үзүүлэлт болов.

Илон Маскийн улс төрийн оролцоо ч тус компанийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлжээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжиж, түүний засаг захиргаанд Засгийн газрын үр ашигтай байдлын яам нэртэй шинэ нэгжийг удирдаж ажилласан. Гэвч улс төрийн энэ идэвх нь “Tesla”-ийн брэндийн үнэ цэнд нөлөөлж, 2024 онд 26 хувиар буурахад хүргэжээ. Ийнхүү брэндийн үнэлгээ хоёр жил дараалан унасан юм.

“Tesla”-ийн хувьцаа түүхэндээ байнга хэлбэлзэлтэй байсан. Зарим сард 80 хүртэл хувиар өсөж байсан бол зарим үед 30 орчим хувиар унаж байв. Хэдий тийм боловч тус компани өнөөдөр ч технологийн салбарын тэргүүлэгч хэвээр байгаа бөгөөд энэ байр сууриа цаашид хадгалах эсэх нь Илон Маскийн өгсөн амлалтууд хэр бодитой биелэхээс шалтгаалах билээ.   

mobile-logo