bnr-0
Үндэсний их баяр наадмын үеэр хоол, үйлчилгээний стандартыг чангатгана
07 сарын 02, 2025
ХУВААЛЦАХ
  • Үндэсний их баяр наадмаар худалдаалагдах хоол, үйлчилгээнд мэргэжлийн стандарт, эрүүл ахуйн шаардлага тавина.
  • Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 576 цэгт худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл олгоно.
  • Худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг долдугаар сарын 3-ны өдрийн 16:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.
Үндэсний их баяр наадмын үеэр хоол, үйлчилгээний стандартыг чангатгана.

Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 576 цэгт худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл олгож, наадамчин олонд үйлчилгээ үзүүлэхийг зохион байгуулахаар боллоо. Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэнд 206, Хүй долоон худагт 370 цэг ажиллах бөгөөд хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, стандартын шаардлагыг хангуулан, мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллана.

Худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг долдугаар сарын 3-ны өдрийн 16:00 цаг хүртэл цахимаар, service.ulaanbaatar.mn цахим хуудас дахь “Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-ээр дамжуулан хүлээн авах аж. Иргэн, хуулийн этгээд зөвхөн нэг байршилд хүсэлт гаргах боломжтой бөгөөд бүх асруудыг нэгдсэн байдлаар цагаан өнгөтэй байх шаардлага тавьж байгаа юм. 

Түүнчлэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж нь тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг, гал тогоо, тоног төхөөрөмж, мэргэжлийн ажилтантай байх шаардлагатай. 

Наадмын үеэр зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхлэх, согтууруулах ундаа, тамхи худалдах, түргэн муудах хүнсээр хоол хийх, худалдах, тэмдэг, тэмдэглэгээгүй хуванцар саванд сүү, айраг хадгалах, хуушуурыг нэг удаагийн нийлэг уутанд хийх зэргийг хориглох юм.   

mobile-logo