- Биткойны ханш 105,000 ам.долларын босгыг давсан бол Ether 2,400 ам.долларын түвшинд эргэн хүрчээ.
- Ойрхи Дорнодын хурцадмал байдал намжсан нь криптовалютын зах зээлийн сэргэлтэд нөлөөллөө.
- Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Сенат Stable койны тухай хуулийг баталсан нь криптовалютын салбарын хувьд анхны томоохон хууль эрх зүйн амжилт боллоо.

Иран, Израиль гал зогсоох тохиролцоонд хүрсэн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгдсэн. Тэгвэл уг мэдэгдэл гарсны дараа криптовалютын ханш огцом өсөж, биткойны ханш 105,000 ам.долларын босгыг давсан бол Ether 2,400 ам.долларын түвшинд эргэн хүрчээ.
Ойрхи Дорнодын хурцадмал байдал намжсан нь криптовалютын зах зээлийн сэргэлтэд нөлөөлсөн ч хүч нэмсэн өөр нэгэн чухал үйл явдал нь АНУ-ын Бүгд Найрамдах намын сенаторуудын танилцуулсан шинэ хууль эрх зүйн зохицуулалтын төсөл байлаа. Уг төсөлд криптовалютыг ямар нөхцөлд таваар, ямар тохиолдолд үнэт цаас гэж үзэхийг тодорхой зааж, Үнэт цаас, биржийн хорооны (SEC) хяналтыг бууруулах санал дэвшүүлжээ.
Robinhood компанийн гүйцэтгэх захирал Влад Тенев CNBC-д өгсөн ярилцлагадаа, энэ хууль нь АНУ-ыг криптовалютын салбарт дэлхийд дахин манлайлах боломжийг нээж өгнө хэмээн онцолж, тус улс энэ салбарт Европоос хоцорч байгааг дурдсан байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Сенат Stable койны тухай хуулийг баталсан нь криптовалютын салбарын хувьд анхны томоохон хууль эрх зүйн амжилт болсон бөгөөд уг хуулийн төслийг одоо Төлөөлөгчдийн танхимаар хэлэлцэх юм.