bnr-0
Ирланд улс нүүрснээс бүрэн татгалзаж буй Европын 15 дахь орон болно
06 сарын 25, 2025
ХУВААЛЦАХ
  • Ирланд улс эрчим хүчний салбарт нүүрс ашиглахыг бүрэн зогсоож, сэргээгдэх эрчим хүч рүү бүрэн шилжиж байгаагаа зарлалаа.
  • Тус улс нүүрсээр ажилладаг сүүлчийн цахилгаан станцаа хааж, нүүрснээс бүрэн татгалзсан Европын 15 дахь орон болох гэж байна.  
  • Ирландын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ эрчимтэй өсөж байгаа бөгөөд өнгөрсөн онд тус улс салхин турбинууд 11 тераватт/цаг цахилгаан үйлдвэрлэж, энэ нь улсын нийт эрчим хүчний 37 хувийг бүрдүүлсэн.
1980-аад онд газрын тосны хомсдолын үед баригдсан Ирланд улсын нүүрсний цахилгаан станц болох ESB Moneypoint.

Ирланд улс эрчим хүчний салбарт нүүрс ашиглахыг бүрэн зогсоож, сэргээгдэх эрчим хүч рүү бүрэн шилжиж байгаагаа зарлалаа. Тус улс нүүрсээр ажилладаг сүүлчийн цахилгаан станцаа хааж, нүүрснээс бүрэн татгалзсан Европын 15 дахь орон болох гэж байна.  

1980-аад онд газрын тосны хомсдолын үед баригдсан тус улсын нүүрсний цахилгаан станц болох ESB Moneypoint өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байсан ч одооноос зөвхөн яаралтай үед ашиглах газрын тосны нөөц шатаах зориулалттай болгохоор шийдвэрлэжээ. 

Тус станц нь 2029 он гэхэд бүрэн хаагдах бөгөөд энэ оны зургадугаар сараас эхлэн Ирландын бөөний цахилгаан эрчим хүчний зах зээлээс гарч байгаа юм. 

Ирландын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ эрчимтэй өсөж байгаа бөгөөд өнгөрсөн онд тус улс салхин турбинууд 11 тераватт/цаг цахилгаан үйлдвэрлэж, энэ нь улсын нийт эрчим хүчний 37 хувийг бүрдүүлсэн гэж Ember судалгааны байгууллага мэдээлжээ. 

“Ирланд улс чимээгүйхэн эрчим хүчний түүхээ шинэчилж, хортой нүүрсийг дотоодын сэргээгдэх эрчим хүчээр амжилттай орлуулж чадлаа” хэмээн “Europe’s Beyond Fossil Fuels” санаачилгын нүүрс, хийн асуудал хариуцсан кампанит ажлын зөвлөх Александру Мустаца онцолжээ. 

Европт нүүрсний эрин үе төгсөж байна

Ирландын эрх баригчид ийнхүү шийдвэрлэснээр нүүрснээс татгалзсан дараах улсуудын эгнээнд нэгдэж байна. 

  • Нүүрснээс бүрэн татгалзсан орнууд: Бельги, Швед, Австри, Португал, Их Британи
  • 2025 онд нүүрсний хэрэглээг халж буй орнууд: Испани, Словак
  • Түүхэндээ эрчим хүчний салбарт нүүрс ашиглаж байгаагүй орнууд: Кипр, Литва, Латви, Швейцарь, Эстони, Норвеги, Мальта, Албани, Люксембург

Гэвч Европын зарим улс орны эрчим хүч нүүрснээс ихээхэн хамааралтай хэвээр байгаа юм. Тухайлбал, Герман, Франц, Итали, Польш, Чех, Унгар, Румын зэрэг улс нүүрсний хэрэглээг бүрэн халж чадаагүй хэвээр байна. Үүнээс Герман, Румын зэрэг нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү бүрэн шилжих тодорхой хугацаатай амлалт өгсөн бол Польш, Серби зэрэг нь одоогоор ямар ч зорилт тавиагүй байна.  

mobile-logo