bnr-0
Хөдөө аж ахуй, хүнсний салбарт шинэ хөдөлгөөн, өсөлт, экспортын төлөвлөгөө тодорлоо
06 сарын 30, 2025
ХУВААЛЦАХ
  • Хүнс, хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 31.7 хувийг бүрдүүлж байна.
  • 20 сая төл хүлээн авч, малын тоо 77.6 саяд хүрэх төлөвтэй.
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 600 сая долларын мах экспортолжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдлын талаар Улсын Их Хурлын чуулганд мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдлын талаар Улсын Их Хурлын чуулганд мэдээлэл өглөө. Түүний хэлснээр, тус салбар нь ДНБ-ий 31.7 хувь, экспортын орлогын 5 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 45.3 хувь энэ салбарт ажиллаж байна. 2024 оны байдлаар 308 мянган малчин хөдөлмөр эрхэлж буй нь улсын хөдөлмөрийн зах зээлийн дөрөвний нэгтэй тэнцэж байгаа юм.

2025 онд малын тоо толгой 77.6 саяд хүрэх хүлээлттэй байгаа ч бэлчээрийн даацыг 25 сая хонин толгойгоор даван гарах эрсдэл үүсэж болзошгүйг анхаарууллаа. Мал эмнэлгийн хаврын үйлчилгээ 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд шүлхий зэрэг халдварт өвчний гаралт 98 хувиар буурсан нь салбарын чадавх өссөний илрэл болж байна.

Мөн газар тариалангийн салбарт энэ хавар 650 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөснөөс 74 хувийг нь гүйцэтгэжээ. Үр, бордоо, техник, хөргөлтийн агуулах, хашаажуулалт зэрэг суурь нөхцлийг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар шийдэж, хөрсний үржил шимийг хамгаалах “Атар-4” аяны хүрээнд томоохон хөрөнгө оруулалт хийжээ.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнөөр дамжуулан дотоодын хүнсний хэрэгцээний гол нэрийн бүтээгдэхүүнийг бүрэн хангах зорилт дэвшүүлснээс мах, сүүн бүтээгдэхүүн, гурилын үйлдвэрлэлд ахиц гарсан байна. 2024 онд хүнсний үйлдвэрлэлийн салбарын орлого 10.9 их наяд төгрөгт хүрч, 7.25 хувиар өсчээ. 600 сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 39 шинэ үйлдвэр байгуулсан бол хүлэмжийн талбай, ногооны дотоодын хангамж эрс нэмэгджээ.

Хөнгөн үйлдвэрийн салбарт үндэсний боловсруулах үйлдвэрүүд 2025 оны байдлаар нийт ноолуурын 50 орчим хувийг худалдан авчээ. Засгийн газар эргэлтийн хөрөнгийн 312.9 тэрбум төгрөгийн зээлийг 61 үйлдвэрт олгосон бол ноос, арьс шир тушаасан малчдад 16.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. Ноолуурын экспортыг 2.5 мянган тоннд хүргэх зорилтыг дэвшүүлээд байна.

Ерөнхий сайд “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 9.6 мянган шинэ хоршоо байгуулж, нийт малчдын 30.8 хувь нь хамрагдсан талаар онцолж, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан 1083 ажлын байр шинээр бий болсныг мэдээлэв.

Цаашид салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүний нөөцийн бодлогоо шинэчлэх зэрэг олон чиглэлээр хууль, бодлогын түвшинд анхаарах шаардлагатайг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Мөн бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн соёл, уламжлалт мэдлэгийг хадгалах, түгээх ажлыг хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой хөгжлийн салшгүй хэсэг хэмээн тодотгов.   

mobile-logo