bnr-0
Спортын стримингийн үнэ өссөн ч үзэгчдийн хүртээмж буураагүй гэв
06 сарын 30, 2025
ХУВААЛЦАХ
  • Жилээс жилд өсөж буй спортын үзвэрийн зардлыг зарим шинжээч шүүмжилж байна.
  • Харин стримингийн олон хувилбар, давхардсан эрх нь шинэ боломж нээжээ.
  • Томоохон спортын арга хэмжээний рейтинг 15 жил тогтвортой байсаар байна.
Спортын төрөл бүрийн стриминг үйлчилгээ ашиглахын тулд дундаж айл жилд 2600 ам.долларын зардал гаргаж байна.

Америкийн спортын нэвтрүүлгийн зах зээлд үнийн өсөлт давамгайлах болсон ч үзэгчдийн хүртээмж хомсдсон гэх дүгнэлттэй бүх шинжээч санал нийлсэнгүй. Нью-Йорк Таймс сонинд нийтлэгдсэн спортын сэтгүүлч Жүүн Лигийн өгүүлэлд спортын фэндом хуваагдаж, энгийн үзэгчид тогтмол хандалтаа хадгалах хэцүү болсон тухай дүгнэлт гарсан нь салбарын анхаарлыг татлаа.

Лигийн тооцоогоор, спортын төрөл бүрийн стриминг үйлчилгээ ашиглахын тулд дундаж айл жилд 2600 ам.долларын зардал гаргаж байна. Зарим тоглолтод хандалт авахын тулд үндсэн төлбөрөөс гадна нэмэлт эрх авах шаардлага үүсэж, энэ нь хэрэглэгчдэд дарамт болж байгааг тэр онцолсон юм.

Fox Sports-ийн Майкл Малвихилл уг нийтлэлийг спортын бизнесийн энэ оны хамгийн онцлох өгүүлэл хэмээн нэрлэсэн бол CNBC-ийн спортын шинжээч Алекс Шерман өөр байр суурь илэрхийллээ.

Шерман стриминг үйлчилгээний үнэ үнэхээр өссөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч үзэгчдийн хүртээмж, нийтлэг спортын соёл бүрэн алдагдаагүй гэж үзэж байна. 2010 онд 100 сая өрх кабелийн телевизийн багц ашиглаж байсан бол өнөөдөр энэ тоо 65 саяд хүрч буурсан ч Америкт кабелийн үйлчилгээ бүрэн унаагүйг тэр тэмдэглэжээ.

Түүнчлэн өнөөдөр хэрэглэгчид YouTube TV, Amazon Prime зэрэг олон стриминг платформоос сонголт хийх боломжтой болсон бөгөөд спортын контентын эрх давхцаж, нэмэлт төлбөргүй хандах боломж цөөнгүй байгаа нь хүртээмжийг илүү өргөн болгож байна хэмээн тайлбарлажээ.

Сүүлийн 15 жилд Америкийн хамгийн том спортын арга хэмжээ болох Супер боул, NBA финал, NHL-ийн Стэнлийн цом зэрэг тэмцээний телевизийн рейтинг тогтвортой хадгалагдаж ирсэн бөгөөд зарим жилд бүр өсөлттэй гарч байсан нь энэ салбарт фэндомын гол цөм хэвээр байгааг харуулж байна.

Эцэст нь Алекс Шерман “спортыг хаанаас, яаж үзэх вэ” гэдэг нь хэрэглэгчийн мэдлэг, сонголтоос хамаарах болсон өнөө үед бүтэц өөрчлөгдсөн гэж ойлгох нь зүйтэй гэж дүгнэжээ.  

mobile-logo