bnr-0
ХААН Банк алслагдсан бүсийн хүүхдүүдэд зориулсан дөрвөн бага сургууль байгуулна
06 сарын 30, 2025
ХУВААЛЦАХ
  • Ховд, Увс, Хөвсгөл, Төв аймагт шинэ сургууль барих санхүүжилт үзүүлнэ.
  • 600 гаруй хүүхэд гэрийнхээ ойролцоо суралцах боломжтой болно.
  • Завсардалт өндөртэй бүсүүдэд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.

ХААН Банк “Багийн бага сургууль” санаачилгад нэгдэж, боловсролын хүртээмж тааруу алслагдсан бүсүүдэд бага сургууль байгуулах санхүүжилт олгохоор боллоо. Тус банкны зүгээс төсөлд манлайлан оролцож, эхний шатны хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Үенч, Увс аймгийн Боршоо боомт, Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ, Төв аймгийн Батсүмбэр суманд дөрвөн сургууль барих ажил эхлэхээр байна.

Энэхүү санаачилгыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, орон нутгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд байгаль, цаг уурын нөхцөлд зохицсон, хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй сургуулийн цогцолборууд байгуулагдах бөгөөд 2-10 насны 600 гаруй хүүхэд гэрийнхээ ойролцоо боловсрол эзэмших боломжтой болно.

ХААН Банкны гүйцэтгэх захирал, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа “Өргөн уудам нутгийн өнцөг булан бүрд буй хүүхдүүд амьдралынхаа суурь болсон боловсролыг гэрээсээ холдолгүй, тухтай орчинд авах боломжтой болох нь бидний хувьд бахархалтай үйлс. Энэ бол Монголын ирээдүйд чиглэсэн жинхэнэ хөрөнгө оруулалт юм” гэж онцолжээ.

Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Монголын алслагдсан багуудад амьдардаг өрхүүдийн хувьд хүүхдээ 1-р ангид оруулах нь олон бэрхшээл дагуулдаг. Ихэнх тохиолдолд 6 настай хүүхэд сумын төвд дотуур байранд амьдрах эсвэл гэр бүлийн нэг гишүүн хамт байршиж суурьших шаардлагатай болдог. Энэ нь хүүхдэд сэтгэлзүйн дарамт үүсгэхийн зэрэгцээ гэр бүлийн эдийн засагт ч ачаалал болж буй. Үүний улмаас сургуулиас завсардсан хүүхдүүдийн 80 орчим хувь нь хөдөө орон нутгийн 6-14 насныхан байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт нэг мянга таван зуу гаруй баг байдгаас ердөө 44 багт л бага сургууль ажиллаж буй нь анхаарал татах үзүүлэлт юм. Тиймээс энэхүү санаачилгаар 2027 он гэхэд 60 орчим багт бага сургууль байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй болон нас бага хүүхдүүдийг гэртэй нь ойр орчинд, орон нутгийн дэмжлэгтэйгээр суралцах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.  

mobile-logo