- Хууль тогтоох үйл явцад хүний эрхийн үнэлгээ, шалгуурын тогтолцоо шинээр нэвтэрнэ.
- Олон нийтийн оролцоо, санал тусгах тайлбар заавал боллоо.
- Хүний эрхийг хязгаарлах тохиолдолд Комиссын дүгнэлтийг заавал авна.

2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент анхны стратеги төлөвлөгөөгөө 2024 оны арваннэгдүгээр сарын 15-нд баталсан. Тус баримтад хууль тогтоох бүх үйл явцад “хүн төвт, хүний эрхэд суурилсан” зарчмыг нэн тэргүүнд тавихаар тусгаж, уг зарчмыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс суурийг бүрдүүлэх зорилгоор “Хууль тогтоомжийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2025 оны зургадугаар сарын 27-нд эцэслэн баталсан.
Шинэчлэлээр хууль санаачлагчид аливаа хуулийн төслийг боловсруулахдаа хүний эрх, нийгмийн үр нөлөөний үнэлгээг хараат бус судалгааны байгууллагаар хийлгэх шаардлагатай болов. Үр нөлөөний үнэлгээ нь хүний эрхийн нийцлийг тусгай аргачлалаар тодорхойлох, түүнчлэн хүний эрхийг хязгаарлах нөхцөлд тавигдах үндсэн шалгуурын дагуу хийгдэх зохицуулалттай болжээ.
Тодруулбал, хүний эрхийг хязгаарласан зохицуулалт нь зөвхөн үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, нийгмийн хэв журмыг хамгаалах зорилготой байх бөгөөд уг хязгаарлалт нь зайлшгүй шаардлагатай, ялгаварлалгүй, зорилгодоо хүрэх хамгийн бага түвшний байхаар хуульд заасан байна.
Мөн хуулийн төсөлд захиргааны хэм хэмжээний акт гаргах бүрэн эрхийг олгосон заалт тусгагдсан тохиолдолд уг эрх нь хуулийн зорилттой нийцсэн, иргэн, аж ахуйн нэгжийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үндсэн нөхцөлүүдийг хангахыг хуульчилсан.
Шинэчилсэн хуульд олон нийтийн оролцоог хангах чиглэлээр тусгай зохицуулалт тусгагдсан нь онцлог. Үүнд, хуулийн төсөлд ирүүлсэн санал бүрийг нэрлэж, уг саналыг тусгасан эсэх тайлбарыг дэлгэрэнгүй танилцуулгад заавал оруулна. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явц, шат бүрийн мэдээллийг нэгдсэн цахим системээр олон нийтэд ил тод мэдээлэх нөхцөл бүрдүүлсэн байна.
Ийнхүү эрх зүйн шинэ зарчмаар, хүний эрхийн хүрээтэй уялдсан тогтолцоог бэхжүүлж буй энэхүү өөрчлөлт нь хууль тогтоох үйл ажиллагааны чанар, хариуцлагыг нэмэгдүүлж, парламентын ил тод, нээлттэй байдалд бодит дэвшил авчрах алхам гэж Их хурлаас үзэж байна.
Мөн хүний эрхийг хязгаарлах заалт бүхий хуулийн төслийн хувьд Хүний эрхийн Үндэсний Комиссоос албан ёсны санал авах шаардлага тавигдлаа. Эрүүгийн болон Иргэний хуулийн төсөл, шүүхийн журмыг өөрчлөхтэй холбоотой саналуудыг Улсын дээд шүүх, Ерөнхий прокуророос заавал авсан байх зохицуулалт оржээ.
Түүнчлэн шинэ хуулиар хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дагаврыг хянах ажлыг ямар байгууллага ямар хугацаанд хийхийг тодорхой болгож, хууль хэрэглээний нэгдмэл байдал, зохицуулалтын уялдаанд чиглэсэн бүлэг зохицуулалтыг тусгасан байна. Энэхүү хууль 2025 оны наймдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.