
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөөд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа энэ цаг үед цагдаагийн байгууллага мод тарих ажилд идэвхтэй оролцож байна. 2025 оны хаврын мод тарилтын кампанит ажлын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид нийслэл болон орон нутгийн 182 цэгт давхардсан тоогоор 101,673 мод тарьсан байна.
Тарьсан моддын дийлэнх нь гацуур, нарс, улиас, хайлаас, шар хуайс зэрэг Монгол орны цаг уур, хөрсний онцлогт тохирсон 12 нэр төрлийн мод бөгөөд нийтдээ 50.8 га талбайг ойжуулжээ. Энэхүү ажил нь зөвхөн мод тарилтаар зогсохгүй, ургуулах, арчлах, хамгаалах шат дараалсан ажлуудыг хамарч байгаагаараа онцлогтой.
Мөн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол зэрэг байгаль орчны тулгамдсан асуудалд бодитой хариу өгөх зорилгоор олон нийтийг хамарсан “Хашаандаа мод тарья” уриатай нөлөөллийн аян эхлүүлжээ. Энэ хүрээнд айл өрх, албан байгууллагуудыг гадна орчноо моджуулж, экологийн тэнцвэрийг хадгалах үйлсэд оролцохыг уриалж буй юм.
“Тэрбум мод” хөдөлгөөний гол зорилго нь ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тогтвортой байдлыг хангах, хүн амын амьдрах орчны чанарыг дээшлүүлэхэд чиглэж байгаа билээ.