
“Hugo Endowment Fund” сан боловсрол, судалгааны тогтвортой хөрөнгө оруулалтын шинэ бүтэцтэйгээр албан ёсоор нээлтээ хийлээ. Сангийн нээлтийн өдөр нийт 550,000 ам.долларын эх үүсвэр төвлөрсөн ба 500,000 ам.долларын хандив, Хүмүүн сургуулийн 6-11-р ангийн сурагчдын Нийгэмд эерэг нөлөө импакт үзүүлэх таван том төсөл 50,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг мөн босгосон бөгөөд энэхүү хөрөнгө нь цаашид Монголын залууст чиглэсэн тэтгэлэг, судалгаа, инновацын үйл ажиллагаанд зарцуулагдах юм.
Энэхүү хөрөнгө нь онцгой утгатай. Хандивын аяныг Хүмүүн сургуулийн 6–12 дугаар ангийн сурагчид өөрсдөө удирдан зохион байгуулсан бөгөөд тэдний идэвх, оролцоо нь Монголын боловсролын ирээдүйд итгэл найдвар төрүүлж байна. Хүмүүн сургуулийн сурагчид дунд ангиасаа эхлэн нийгэмдээ тулгарч буй асуудлуудад багахан ч болов хувь нэмрээ оруулж, санаачлагууд дэвшүүлэн жил бүр энэхүү үйл ажиллагаануудыг хийдэг бөгөөд 1-р ангиасаа хойш л Pitch тавьж, хандив цуглуулан өөрсдийн хувь нэмрээ оруулдаг ажээ.
Өөрсдийн хүчээр эх үүсвэр төвлөрүүлсэн нь тус санг зөвхөн гаднын буцалтгүй тусламжид найдахаас ангид, дотоодын нийгмийн оролцоо, ухамсарт тулгуурласан шинэ загварын сан болсныг харуулж байна. Хүмүүн сургууль анх 2020 онд үүсгэн байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд Монголын сурагчдад нийт 39 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгожээ. Тэтгэлэг авсан хүүхдүүдийн олонх нь дэлхийн шилдэг их сургуулиудад тэнцэж, нийт 60 сая ам.доллароос давсан тэтгэлгийг гаднын их дээд сургуулиудаас авч чадсан байна.
Тухайлбал, Нью-Йоркийн их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр тэнцсэн тус сургуулийн сурагч Ч.Мөнхсайханы жишээ нь энэ хөтөлбөрийн бодит үр дүнг харуулна.
Сангийн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, мэргэжлийн төвшинд удирдах зорилгоор “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга хатагтай О.Лхагвасүрэнг удирдлагын багтаа нэгтгээд байна. Түүний санхүүгийн зах зээлийн арвин туршлага нь сангийн хөрөнгө оруулалтын бодлогыг илүү үр ашигтай болгоход чиглэнэ. Мөн тус сан нь зөвхөн тэтгэлэг олгоод зогсохгүй боловсрол, хүн төвтэй хөгжил, судалгааны чиглэлээр үйл ажиллагаагаа тэлж байгаа.
Тухайлбал Дэлхийн шилдэг сургуулиудын дэргэдэх судалгааны байгууллагууд, судлаач нартай хамтран Хүний хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулах судалгааны төсөл эхлүүлэхээр болжээ. Уг төсөл нь Монголын эрдэмтэд, судлаачдын бүтээлийг олон улсын түвшинд гаргах, зохиогчийн эрхийн лицензжүүлэлт хийх, судалгаанд суурилсан бүтээлүүдийг хамгаалах зорилготой юм.
Сангийн албан ёсны нээлтийн үеэр Хүмүүн сургуулийн сурагчид өөрсдийн төслүүдийг танилцуулж, Монгол орны 21 аймагт Боловсрол, Гэр бүл, Эрүүл мэнд, Байгал орчинд нөлөөлөл үзүүлэхүйц нийгмийн шинжтэй санаачилгуудыг дэвшүүлж байгаа нь ирээдүйн манлайлагчдын төлөвшил, оролцоог илтгэж буй гэлтэй.