bnr-0
Хамтарсан Засгийн газар - Боломж ба болзошгүй эрсдэл
05 сарын 28, 2025
ХУВААЛЦАХ
Түүхэн болон олон улсын жишээнээс харахад, эвслийн засаглал тогтвортой, урт хугацаанд хадгалагдаж чадвал тодорхой давуу талууд бий болдог.

Хамтарсан Засгийн газрын бүтцийн талаарх улс төрийн хэлэлцүүлэг дахин сэргэж, эрх баригч намын дотор төдийгүй олон нийтийн дунд ч хүлээлт үүсээд байна. Хамтарсан Засгийн газрын ирээдүй тодорхойгүй байгаа энэ үед, түүний цааш үргэлжлэх эсэх нь Монгол Улсын эдийн засаг, гадаад орчны итгэлцэл, төрийн бодлогын залгамж чанарт томоохон нөлөө үзүүлэхээр байна.

Түүхэн болон олон улсын жишээнээс харахад, эвслийн засаглал тогтвортой, урт хугацаанд хадгалагдаж чадвал тодорхой давуу талууд бий болдог. Монгол Улсын хувьд ч энэ чиглэлийн туршлага багагүй. Тухайлбал, 2024 онд байгуулагдсан Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээг байгуулж, томоохон мега төслүүдийг хөдөлгөсөн нь хамтын шийдвэр гаргалт бодит үр дүнд хүрч болохыг харуулсан.

Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС, Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам, Газрын тосны үйлдвэр зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг хамтран шийдвэрлэсэн алхмууд нь эдийн засгийн урт хугацааны өсөлтөд чухал нөлөө үзүүлэхүйц шийдвэрүүд байв. Эдгээр төслийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь экспортын орлого нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, эрчим хүчний хангамжийг тогтворжуулах зэргээр тодорхой хэмжээнд хэмжигдэж эхлээд байна. Мөн нэг хүнд ногдох ДНБ 2024 онд 6898 ам.доллар болж өссөн, үндэсний нийт орлого 5348 ам.долларт хүрч, Монгол Улс анх удаа Дэлхийн банкны ангиллаар “дунджаас дээгүүр орлоготой эдийн засаг”-т багтах болзол хангав. 

Монгол Улс эдийн засгийн хувьд ахиц дэвшил гаргасан болохыг цөөнгүй үзүүлэлт ийн илтгэж байгаа ч бодит байдалд бүх иргэн энэхүү өсөлтийг адил тэгш мэдэрч чадаж байна уу гэдэг асуулт тасрахгүй байна. Эдийн засгийн өсөлт нь хүртээмж багатай, орлогын тэгш бус хуваарилалт, инфляц, амьдралын өртөг зэрэг асуудлыг давхар авч үзэх шаардлагатайг олон нийт хөндсөөр байгаа.

Нөгөө талаар, ойрын судалгаанаас харахад хамтын удирдлагын бүтэц тогтворгүй, эвслийн бүрэлдэхүүн байнга өөрчлөгдөх тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл суларч, бодлогын үр ашиг буурдаг нь Эстони улсын туршлагаар нотлогдсон. 2021–2025 оны хооронд тус улсад дөрвөн удаа эвслийн бүрэлдэхүүн солигдож, үүний улмаас эдийн засгийн өсөлт агшиж, хөрөнгө оруулалт буурсан байна.

Монгол Улсын хувьд ч Засгийн газрын тогтворгүй байдал нь ДНБ, гадаад валютын албан нөөц, гадаадын шууд хөрөнгө оруулалт, ажилгүйдэл, инфляц зэрэг макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдэд сөрөг нөлөө үзүүлж ирсэн. Судалгаагаар Засгийн газрын тогтворгүй байдал 1 хувиар нэмэгдэхэд, гадаадын шууд хөрөнгө оруулалт дунджаар 0.15 хувиар буурч байгааг олон улсын судалгаа харуулдаг.

Түүнчлэн, хамтарсан Засгийн газрын бүтэц улс төрийн зөвшилцөл, бодлогын тэнцвэрийг илүү хангаснаар эрх баригчид хэт төвлөрөхөөс сэргийлдэг талаарх дуу хоолой ч улс төрийн хүрээнд сонсогдсоор байна. Энэхүү бүтэц нь намуудын хооронд илүү ил тод, хариуцлагатай хэлцлийг шаардаж, шийдвэр гаргалтыг олон талаас эргэцүүлсэн, тэнцвэртэй болгох нөлөөтэй байж болох юм.

Гэсэн ч энэхүү “тэнцвэр” нь улс төрийн хэт зөрчил, эрх ашиг харшлах үед эсрэгээрээ шийдвэргүйдэл, хариуцлагаас зайлсхийх явдалд хүргэх эрсдэлтэй. Тиймээс хамтарсан хэлбэрийг үргэлжлүүлэх нь зөвхөн тоон эвсэл дээр биш, харилцан итгэлцэл, бодлогын нэгдмэл зорилгоор баталгаажсан байх ёстойг улстөрчид анхаарах нь зүйтэй.

Эцэст нь хэлэхэд, Хамтарсан Засгийн газар нь зөв ажиллаж чадвал тогтвортой хөгжил, олон улсын итгэлцлийг хадгалах нэг гарц байж болох ч, улс төрийн тооцоолол хэт давамгайлбал улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдралд өндөр үнэ төлөх эрсдэлтэйг бусад орнуудын туршлага сануулж байна.   

mobile-logo