
Монголын шар айргийн зах зээлд 17 жилийн турш тогтвортой байр суурийг эзэлсээр ирсэн Сэнгүр брэнд цогц шинэчлэлийг хийж шинэ амт, шинэ өнгө төрхөөр зах зээлд нэвтэрлээ.
Шинэчлэлийн хүрээнд Сэнгүрийн брэнд дизайн, бүтээгдэхүүний амт чанар, зах зээлд хүрэх мессежийг бүхэлд нь шинэ шатанд гаргасан бөгөөд үүнд олон улсын мэргэжлийн багуудтай хамтран ажилласан байна. Тухайлбал, Австралийн Boldinc компанитай хамтран брэндийн өнгө төрх, лого, савлагааны шийдлийг шинэчилжээ. Энэхүү шинэ өнгө төрх нь Сэнгүрийг илүү орчин үеийн, зоримог, эрч хүчтэй, шинэлэг брэнд болгон тодотгоно хэмээн Брэнд маркетингийн хамт олны зүгээс мэдэгдлээ.
Сэнгүрийн шинэ амтны хувьд та бүхний олон жил дурлаж хэрэглэсэн дуртай амт нь хэвээрээ бөгөөд гашуулгын хэмжээгүй нилээн өндөр хувь 40 хувиар бууруулсан нь онцлог болжээ. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ илүү зөөлөн амттай алкохолыг эрэлхийлэх болсонтой холбоотойгоор хэрэглэгчийн тэрхүү хүсэл мэдрэмж, амтлах хэв маягийн өөрчлөлтийг тусган илүү зөөлөн, тунгалаг, чимчигнэсэн шинэлэг амтыг шингээжээ. Зөөлөн таатай амт нь шинэ хэрэглэгчид болон үнэнч хэрэглэгчдийн аль алинд нь шинэлэг мэдрэмж өгөхөөр зориулагдсан байна.
АПУ компанийн зүгээс дэлхийн алдартай Heineken компанийн шар айргийн технологи, түүхий эд хүлээн авахаас эцсийн бүтээгдэхүүн болон гарах хүртлэх 110 чанарын шалгуурыг мөрдөн, олон улсын чанар стандартад бүрэн шаардлага хангасан шар айргийг Монголдоо үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэж байна. Үүний нэг нь Сэнгүр шар айраг бөгөөд World Beer Awards, Monde Selection, Australian Beer Awards зэрэг дэлхийн томоохон шар айргийн шалгаруулалтаас алтан медалуудыг авч байсан юм.
Шинэчлэгдсэн Сэнгүрийг олон нийтэд албан ёсоор танилцуулах арга хэмжээ 2025 оны тавдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Aurug Event Hall-д 3 өдрийн турш зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд АПУ компанийн менежмент, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, брэнд маркетингийн баг, Сэнгүр брэндийн харилцагч, дэмжигчид болон Монгол Улсын сагсан бөмбөгийн багийн төлөөлөл зэрэг зочид оролцжээ.
Сэнгүр брэндийн зүгээс энэ шинэчлэл нь эхлэл төдий бөгөөд 2025 онд шинэ төрлийн амт, инновацлаг шийдлүүдийг цувралаар зах зээлд нэвтрүүлэхээ мэдэгдээд байна.