bnr-0
Монгол “Төгрөг”-ийн 100 жилийн ойд зориулсан дурсгалын алт, мөнгөн зоос худалдаанд гарлаа
06 сарын 04, 2025
ХУВААЛЦАХ
  • Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг” гүйлгээнд гарсны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанк дурсгалын алт болон мөнгөн зоос худалдаанд гаргалаа.
  • Тус зоос нь 1925 оны анхны төгрөгийн загвараар хийгдсэн бөгөөд 1 унц жинтэй, 999.9 сорьцын алт, мөнгөөр бүтэж, “ultra high relief” технологиор үйлдвэрлэгджээ.
  • Ойн хүрээнд Монголбанкнаас мөнгөн тэмдэгтийн түүхийг харуулсан “Төгрөг 100” үзэсгэлэнгийн танхимыг нээн, хүүхэд залууст зориулсан танин мэдэхүйн орчныг бүрдүүлэв.
Монгол “Төгрөг”-ийн 100 жилийн ойд зориулсан дурсгалын алт, мөнгөн зоос худалдаанд гарлаа.

Монголбанкнаас гаргасан энэхүү дурсгалын зоос нь Монгол төгрөгийн 100 жилийн ойг тэмдэглэсэн онцлох бүтээл болж байна. 1925 онд анх гүйлгээнд орсон цаасан болон зоосон төгрөгийн загварыг үндэслэн орчин үеийн технологиор шинэчлэн бүтээсэн энэхүү зоос нь тухайн цаг үеийн санхүүгийн хөгжил, үндэсний бэлгэдлийг илэрхийлж буй.

Зоосыг 1 унц буюу 31.1 грамм жинтэй, 33 мм диаметртэй, 999.9 сорьцтой цагаан мөнгө болон алтаар үйлдвэрлэсэн бөгөөд “smartminting ultra high relief” технологиор бүтээсэн нь нарийн хийцээр онцлог ажээ. Энэхүү дурсгалын зоосыг Монголбанкны Эрдэнэсийн сангаар дамжуулан албан ёсоор худалдаалж эхэлсэн байна.

Төгрөгийн 100 жилийн ойн хүрээнд Монголбанк мөнгөн тэмдэгтийн түүх, соёлын талаар олон нийтэд мэдлэг олгох зорилготой шинэ үзэсгэлэнгийн танхимыг байгуулжээ. “Төгрөг 100” нэртэй тус танхимд 1925 оны анхны сонин, тухайн үеийн мөнгөн дэвсгэрт, зоосны хэв, тоног төхөөрөмж, мөнгө шалгах хэрэгсэл, алтны жин зэрэг ховор үзмэрүүд дэлгэгдсэн байна. Үүний зэрэгцээ үзэсгэлэнг хүүхэд, залуусын танин мэдэхүйн зорилгоор ашиглах боломжтой болгосон нь боловсролын ач холбогдол бүхий алхам болж байна.

Монгол төгрөгийн түүх нь XIII зууны Их Монгол Улсын үеийн алт, мөнгө, зэс зоосноос эхтэй бөгөөд XX зууны эхэн үеийн цай, ембүү зэрэг хэрэглээнд тулгуурласан эдийн засгийн солилцоогоор дамжин хөгжсөөр иржээ. Тухайлбал, 1921 онд Богд хааны зарлигаар гаргасан “Бага болзоот” зээллэгээ, мөн Ардын засгийн үед хэвлэгдсэн “Данзангийн доллар” зэрэг нь тухайн үед гүйлгээний хэрэгсэл болж байсан юм.

Монгол төгрөгийг 1925 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр албан ёсоор гүйлгээнд гаргаж, Монголын Худалдаа аж үйлдвэрийн банк (өнөөгийн Монголбанк)-наас 900 сорьцтой цагаан мөнгөн “Нэг төгрөг” зоос болон долоон төрлийн цаасан мөнгөн тэмдэгтийг олон нийтэд нэвтрүүлжээ. Энэ нь Монгол Улсын санхүү, эдийн засгийн түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал байв.

Дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголбанкны Эрдэнэсийн сангийн erdenesiinsan.mn цахим хуудаснаас авах боломжтой.  

mobile-logo