- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэгдээгүй, гадаадад хийгдсэн бүх кинонд 100 хувийн тариф ногдуулахаа мэдэгдлээ.
- Иймэрхүү төрлийн тарифыг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байгаа юм.
- Сүүлийн жилүүдэд тус улсын театрын салбар сэргэж байгаа ч шинэ киноны тоо 2019 онтой харьцуулахад бараг 2 дахин багассан.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэгдээгүй, гадаадад хийгдсэн бүх кинонд 100 хувийн тариф ногдуулахаа мэдэгдлээ.
“Америкийн кино салбар маш хурдтай мөхөж байна. Бусад улс орнууд манай найруулагч, студиүдийг уруу татах янз бүрийн хөнгөлөлт санал болгож байна. Тиймээс би Худалдааны яам болон АНУ-ын Худалдааны төлөөлөгчдөд гадаадад үйлдвэрлэгдсэн, манай улсад орж ирж буй бүх кинонд 100 хувийн тариф тогтоох ажлыг яаралтай эхлүүлэхийг зөвшөөрч байна. Бид киног дахин Америкт хийлгэмээр байна!” хэмээн Трамп өөрийн нийгмийн сүлжээ болох Truth Social-д бичжээ.
Иймэрхүү төрлийн тарифыг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь кино нь биет бүтээгдэхүүн бус, оюуны өмчийн ангилалд хамаарах бөгөөд одоогийн байдлаар тарифын зохицуулалтад ордоггүй аж.
АНУ-ын кино театруудын нийт орлого 2018 онд бараг 12 тэрбум ам.долларт хүрсэн ч 2020 онд цар тахлын улмаас театр хаагдсанаар 2 тэрбум ам.долларт хүрч унасан. Сүүлийн жилүүдэд тус улсын театрын салбар сэргэж байгаа ч шинэ киноны тоо 2019 онтой харьцуулахад бараг 2 дахин багассан. АНУ-ын дотоодын орлого 9 тэрбум ам.долларыг даваагүй хэвээр байна.