- Ираны пуужин Израилийн Бьер-Шева хотод тусан олон хүний аминд хүрчээ.
- Израиль Ираны радарын байгууламжид хариу цохилт өгөв.
- АНУ, Хятад улсууд сөргөлдөөнийг улс төрийн замаар шийдэхийг уриалав.

Израиль-Ираны хооронд АНУ-ын зуучлалаар байгуулсан түр гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа дахин мөргөлдөөн дэгдэж, нөхцөл байдал огцом хурцадлаа.
Израилийн өмнөд нутгийн Бьер-Шева хотод мягмар гарагийн өглөө Иранаас харвасан пуужин орон сууцны хороололд тусч, дор хаяж дөрвөн хүний амь нас эрсэдсэн талаар Израилийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Харин Ираны эрх баригчид уг довтолгоог үгүйсгэж, тохиролцоог зөрчөөгүй хэмээн мэдэгдэв.
Гал зогсоох хэлэлцээрийн дагуу Иран эхэлж довтолгоогоо зогсоон 12 цагийн дараа Израиль нэгдэх хуваарьтай байсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн. Тэрбээр энэхүү тохиролцоог “12 өдрийн дайны төгсгөл” гэж нэрлэсэн ч Иран эсэргүүцлийн байр суурь илэрхийлснээр хэлэлцээрийн үр дүн эргэлзээтэй болжээ.
Ираны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Аббас Арагчи Израйлийг 4 цаг гэхэд бүх цэргийн ажиллагаагаа бүрэн зогсоохыг шаардсан. Түүнчлэн тэрбээр Ираны зэвсэгт хүчнийг “эх орноо эцсийн цусаа дусалтал хамгаална” хэмээн мэдэгдсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгав.
Израилийн Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга Эял Замир Ираныг гал зогсоох нөхцлөө зөрчсөн гэж үзэж, хязгаарлагдмал хариу цохилт өгөхийг зарлав. Үүний дагуу Израилийн арми зөвхөн Ираны радарын байгууламжууд руу чиглэсэн цохилт агаараас өгсөн гэж мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Трамп “Израиль цаашид довтлохгүй, бүх онгоцнууд буцаж байна” гэж зарласан ч энэ нь бодит байдалд нийцэж буй эсэх нь тодорхойгүй хэвээр. АНУ өнөөдрийг хүртэл албан ёсны урт хугацааны хэлэлцээрийн санал дэвшүүлээгүй байгаа нь нөхцөл байдлыг улам бүр тогтворгүй болгож байгаа юм.
Түүнчлэн Бээжингээс байр сууриа илэрхийлээд буй. Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч "цэргийн хүчээр асуудлыг шийдэх боломжгүй, улс төрийн яриа хамгийн зөв зам" хэмээн мэдэгдсэн нь олон улсын зүгээс дайныг зогсоох дипломат оролдлогыг дэмжиж буйг харууллаа.
Харин Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл “дурсагдах ялалт байгуулсан” хэмээн дүгнэж, дайсныг ухраахад хүрсэн гэж мэдэгдсэн нь хэлэлцээрийг зогсонги байдалд хүргэх эрсдлийг улам өсгөж байна. Гал зогсоох тохиролцоо бодитоор хэрэгжих эсэх нь одоогоор бүрхэг хэвээр байна.