
Дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “BLAST.tv Austin Major 2025” тэмцээн АНУ-ын Техас мужийн Аустин хотод зохион байгуулагдаж, Монгол Улсын The MongolZ баг тамирчид дэд байрт шалгарлаа.
1,250,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээний аваргын төлөөх тоглолт өнөөдөр үүрийн 03:30 цагт эхэлж, The MongolZ баг Францын Team Vitality багтай өрсөлдөн 1:2-ийн харьцаагаар ялагдал хүлээлээ.
Энэ нь CS2 тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд анх удаа Азийн баг аваргын төлөө өрсөлдсөн тохиолдол болж, манай улсын цахим спортын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. The MongolZ баг өнгөрсөн жил Шанхай хотноо зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шөвгийн наймд шалгарч байсан бол энэ жил ийнхүү аваргын төлөө өрсөлдөж, амжилтаа ахиуллаа. Энэ жилийн тэмцээнээс The MongolZ баг 170,000 ам.долларын шагнал хүртээд буй.
Тус тэмцээнийг улс даяраа шимтэн үзэж, Сүхбаатарын талбай болон Үндэсний соёл амралтын хүрээлэнд шууд дамжуулснаараа онцлог боллоо.