bnr-0
АНУ Хормузын хоолойг хаахаас сэргийлэхийг БНХАУ-д уриалав
06 сарын 23, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио БНХАУ-ыг Иранд шахалт үзүүлж, дэлхийн газрын тосны тээврийн хамгийн чухал зам болох Хормузын хоолойг хаахаас сэргийлэхийг уриаллаа.
  • Энэхүү уриалга нь АНУ өнгөрөгч амралтын өдрүүдэд Ираны гол цөмийн байгууламжид агаарын цохилт өгсний дараахан гарч буй.
  • Rapidan Energy зөвлөх агентлагуудын тооцоолсноор, хэрэв Хормузын хоолой удаан хугацаагаар хаагдвал газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.долларыг давах эрсдэлтэй.
АНУ Хормузын хоолойг хаахаас сэргийлэхийг БНХАУ-д уриалав.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио БНХАУ-ыг Иранд шахалт үзүүлж, дэлхийн газрын тосны тээврийн хамгийн чухал зам болох Хормузын хоолойг хаахаас сэргийлэхийг уриаллаа.

"Хятадын Засгийн газрыг Ираны талтай холбогдохыг уриалж байна. Учир нь тэд газрын тосны ихэнхийг Хормузын хоолойгоор дамжуулан авдаг" хэмээн Рубио мэдэгдсэн байна. Хятад улс бол Ираны газрын тосны хамгийн том худалдан авагч.

Энэхүү уриалга нь АНУ өнгөрөгч амралтын өдрүүдэд Ираны гол цөмийн байгууламжид агаарын цохилт өгсний дараахан гарч буй. Хариуд нь Ираны Гадаад хэргийн сайд улсынхаа бүрэн эрхт байдлыг хамгаалахын тулд "бүх боломжийг ашиглана" хэмээн анхааруулсан юм.

Ираны парламент Хормузын хоолойг хаах асуудлыг дэмжсэн ч эцсийн шийдвэрийг тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гаргахыг дотоод эх сурвалж мэдээлжээ.

Хормузын хоолой нь Иран ба Оман улсуудын хооронд орших стратегийн ач холбогдол бүхий усан зам бөгөөд үүнийг хаах нь дэлхийн эрчим хүчний зах зээлд хүндээр нөлөөлж болзошгүй. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг (EIA)-ийн мэдээлснээр 2024 онд өдөрт дунджаар 20 сая баррель буюу дэлхийн газрын тосны хэрэглээний 20 хувь хувийг тус хоолойгоор дамжуулан тээвэрлэжээ.

Сүүлийн үйл явдлын улмаас газрын тосны ханш 2 хувиар өсөөд байна. Goldman Sachs болон Rapidan Energy зөвлөх агентлагуудын тооцоолсноор, хэрэв Хормузын хоолой удаан хугацаагаар хаагдвал газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.долларыг давах эрсдэлтэй. Гэвч JPMorgan банкны шинжээчдийн үзэж буйгаар Иран ийм алхам хийх магадлал бага. Учир нь АНУ үүнийг дайн зарласан үйлдэл гэж үзэж болзошгүй байгаа юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рубио "Хэрэв Иран Хормузын хоолойг хаавал энэ нь эдийн засгийн амиа хорлолт болно. Учир нь тус улсын газрын тосны экспортын гол гарц нь энэ зам юм" хэмээн онцолжээ.

Иран нь ОПЕК-ийн гишүүн орнууд дундаа газрын тос олборлолтоор гуравдугаарт бичигддэг. Одоогоор өдөрт 3.3 сая баррель газрын тос олборлож, өнгөрсөн сард 1.84 сая баррель экспортолжээ. Түүний дийлэнхийг Хятад руу нийлүүлсэн байна.  

mobile-logo