- Зочид буудлын үнэ өсөлттэй гарахад автомашины зогсоол бүхий зуслан, чөлөөт цаг өнгөрөөх, хоноглох байраар хангах дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 10.3 хувиар өссөн голлон нөлөөлжээ.
- Орон нутагт орчин, үйлчилгээ сайтай зочид буудлын үнэ хоногийн 450 мянгаас дээш төгрөгийн үнэтэй байна.
- Хөдөө орон нутагт нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчдийн үнэ 5.5 хувь өсжээ.
Зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийн үнэ өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар өссөн байна. Улсын хэмжээнд ажиллаж байгаа зочид буудлуудын дундаж үнэ энэ оны есдүгээр сард 178 мянган төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 3.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Өнгөрсөн сарынхаас ч үнэ нь өссөн байна. Үнэ өсөхөд цөөн хоногоор байр, сууцаар хангах үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2.8 хувиар, автомашины зогсоол бүхий зуслан, чөлөөт цаг өнгөрөөх, хоноглох байраар хангах үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 10.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.Түүнчлэн зочид буудлын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйлдвэрлэгчийн үнэ нийслэлд өмнөх оны мөн үеэс 2.1 хувь, аймагт 7.9 хувиар тус тус өссөн байна. Хөдөө орон нутагт зочид буудлын үнэ хамгийн их өсжээ. Харьцангуй сүүлд байгалийн үзэсгэлэнт газар байгуулагдсан, орчин, тохижилт сайтай зочид буудлын хоногийн үнэ орон нутагт 450 мянгаас дээш ханштай байгаа нь хүмүүс илүү тав тухтай орчинд чанартай үйлчилгээнд өндөр төлбөр төлдөг болсны илрэл. Түрээсийн байрны үнэ байршил, хэмжээ, хэр тав тухтайгаасаа шалтгаалан хоногийн сая гаруй төгрөгийн үнэтэй байна.
Нийтийн хоолны салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар өссөн байна. Нийтийн хоолны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2024 оны 9 дүгээр сард 121.5 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 1.4 хувь, өмнөх сараас 0.1 хувиар тус тус өссөн байна.
Нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс аймагт 5.5 хувь, нийслэлд 0.6 хувиар тус тус өссөн байна. Үнийн өсөлт бас л орон нутагт өндөр байна.