- АНУ, БНХАУ өндөр түвшний уулзалтаар тарифыг хэсэгчлэн бууруулах гарц эрэлхийлж байна.
- Хятадын АНУ руу чиглэсэн экспорт 21% буурч, хоёр талын худалдааны дарамт нэмэгдэв.
- Стратегийн эрдсийн экспорт, валютын нөөц зэрэг хөзрөөр Бээжин хэлэлцээний байр сууриа бэхжүүлж байна.

АНУ, БНХАУ-ын албаны төлөөлөгчид сүүлийн өдрүүдэд Швейцарт уулзаж, худалдааны маргааныг намжаах зорилготой хэлэлцээ хийж байна. Эдийн засгийн хоёр том гүрэн тарифын дарамтад өртөж, харилцан хохирол амсч байгаа энэ үед хоёр тал хэсэгчилсэн буулт хийх хүлээлттэй байна.
Бямба гарагт эхэлсэн уулзалтад АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны төлөөлөгч Жеймисон Гриер нар БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэнтэй уулзаж буй юм. Тарифын дарамтыг бууруулах нь хэлэлцээний гол сэдэв бөгөөд шинжээчдийн үзэж буйгаар иж бүрэн гэрээ байгуулах нь одоогоор хэцүү ч, тодорхой бараа бүтээгдэхүүний татварыг зөөллөх хувилбараар тохиролцоонд хүрч магадгүй гэж үзэж байна.
АНУ-ын эдийн засаг 2025 оны эхний улиралд 0.3% агшсан бол Хятадын эдийн засаг 5.4% өсөлттэй гарсан. Гэвч Бээжингийн зорилтот түвшин болох 5%-аас доогуур байх төлөвтэй хэмээн олон улсын эдийн засагчид анхааруулж байна.
Энэхүү яриа хэлэлцээний өмнөхөн Хятадын Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн хууль бус экспортын эсрэг тусгай ажиллагаа эхлүүлснээ зарлаж АНУ-ыг шахалтанд оруулах бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Галлий, германи, гянтболд зэрэг ховор элементүүдийн экспортод хатуу хяналт тогтоох нь геополитикийн шахалтын нэг хэрэгсэл болж байгаа юм.
Түүнчлэн Хятадын Худалдааны яам “гадны этгээдүүд дотоодын хууль бус сүлжээгээр дамжуулан хяналтаас зайлсхийх оролдлого хийж байна” хэмээн мэдэгдсэн нь АНУ-тай хийх хэлэлцээнд Бээжингийн байр суурь улам батжиж байгааг харуулж байна. Шинжээч Стивен Олсоны тайлбарласнаар стратегийн эрдсийн экспортын хязгаарлалт бол Бээжингийн хамгийн хүчтэй хөзөр юм.
Тариф бууруулах хүлээлт өндөр байгаа бөгөөд Morgan Stanley банкны тооцоолсноор 2025 оны эцэс гэхэд АНУ-ын ногдуулсан дундаж тарифын түвшин 107%-иас 45%-д хүрч буурах боломжтой аж. Economist Intelligence Unit-ийн шинжээчид ч мөн “ойрын хугацаанд тарифын түвшин 50%-аас доош буух төлөвтэй” гэж мэдэгдэж байна.
Трамп сүүлийн үед хэлэлцээний талаар зөөлөн байр суурь илэрхийлж байгаа ч “80%-ийн тариф Хятадад таарна” гэсэн мэдэгдэл нь хэлэлцээний өрнөлд эргэлзээ үүсгээд байна. Харин Бээжин “нэг талт тарифыг бүхэлд нь цуцлах”-ыг шаардан буулт хийх бодолгүй байгаагаа ил тод илэрхийлжээ.
Уулзалтын үеэр Хятад улс фентанилтай холбоотой урсгалыг хянах санал дэвшүүлж магадгүй бөгөөд энэ нь АНУ-ын 20%-ийн нэмэлт тарифыг цуцлуулах боломжтой алхам болж болзошгүй. Түүнчлэн, өмнө нь хоёр талын дунд хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, эмийн бүтээгдэхүүн, онгоцны хөдөлгүүр зэрэг тодорхой салбарт импортын татварыг чөлөөлөх алхамууд хийгдэж байсан юм.
Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар 2020 онд байгуулсан “Нэгдүгээр шатны гэрээ”-тэй адил томоохон тохиролцоонд хүрэх боломж тун бага. Хоёр тал стратегийн гол чиглэл, эдийн засгийн аюулгүй байдлын “улаан шугам”-аа давж чадахгүй байгаа нь удаан хугацааны үл итгэлцлийг даван туулахад саад болж байна.