- Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг наадмаас өмнө эрчимжүүлэх чиглэлийг Улсын Онцгой комисст өглөө.
- Баяр наадам тохиолдуулан улс орон даяар хөдөлгөөн эрчимжиж, халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэх тооцоолол гарсан байна.
- Харин вакцины эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл түгээсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцож ажиллахыг ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудад даалгасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг наадмаас өмнө эрчимжүүлэх чиглэлийг Улсын Онцгой комисст өглөө. Энэ оны хоёрдугаар сараас хойш улаанбурхны халдварын 8862 тохиолдол бүртгэгдэж, долоон хүүхэд эндээд байна. Баяр наадам тохиолдуулан улс орон даяар хөдөлгөөн эрчимжиж, халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэх тооцоолол гарсан байна.
Иймд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт нөхөн дархлаажуулалтыг наадмын өмнөх 14 хоногт багтаан эрчимжүүлж 95 хувьд хүргэх үүргийг Ерөнхий сайд өгч, УОК, ЭМЯ-ыг дэмжин ажиллахыг даалгалаа.
“Улаанбурхан өвчний нууц үе 10-14 хоног. Одоо бүртгэгдээд байгаа 8862 тохиолдлын цаана 80 мянган хүүхэд халдвартай байх магадлалтай. Тиймээс дархлаажуулалтыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээн тэрбээр онцоллоо.
Улаанбурхан нь дархлаажуулалтад хамрагдсанаар урьдчилан сэргийлж болох өвчин юм. Харин вакцины эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл түгээсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцож ажиллахыг ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудад даалгасан байна.