bnr-0
Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж, гурван сайдын албыг хүчингүй болгох хэлэлцүүлэг урагшлав
06 сарын 24, 2025
ХУВААЛЦАХ
Монгол Улсын гурван сайдын албыг хүчингүй болгохоор тусгажээ.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Уг төсөлд Монгол Улсын гурван сайдын албыг хүчингүй болгохоор тусгажээ.

Тодруулбал, Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргын албан тушаалуудыг тус тус цуцлахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Эдгээр бүтэц, чиг үүргийг дахин хуваарилж, бодлогын уялдаа, хариуцлагыг бусад сайд нарт төвлөрүүлэхээр өөрчлөлтийн хүрээнд дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Үндэсний баялгийн сан, төрийн ил тод байдал, бүтээмж, “нээлттэй засаглал”-ын түншлэлийн асуудлыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудалд; хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн хяналтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын мэдэлд; боомт, тээвэр, стратегийн дэд бүтцийн бодлогыг Сангийн сайдын мэдэлд шилжүүлнэ. Харин “20 минутын хот”-ын бодлого, авто замын түгжрэлийн зохицуулалт, хэт төвлөрөл бууруулах ажлуудыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд хариуцахаар тусгасан байна.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуув. Гишүүдийн зүгээс бүтэц цомхон, уялдаа сайтай байхын чухлыг онцолж байв. Санал хураалтын дүнгээр хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хороо эдгээр санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.  

 

mobile-logo