bnr-0
Үндэсний их баяр наадмын хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн баригдлаа
06 сарын 24, 2025
ХУВААЛЦАХ
  • Тулгар төр, эрх чөлөө, ардчиллын ойг наадамд нэгтгэхийг санал болгожээ.
  • 40 гишүүний хамт өргөн мэдүүлсэн уг төсөл УИХ-д хэлэлцүүлэгт орно.
  • Тусгаар тогтнол, төрт ёсны түүхийг хуулиар баталгаажуулах зорилготой ажээ.
Хуулийн төслөөр Үндэсний их баяр наадмыг Монголын төрт ёсны бүх томоохон түүхэн ойтой хамтатган тэмдэглэдэг болгохыг зорьж байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ж.Золжаргал, Ш.Бямбасүрэн, Р.Батболд, С.Лүндэг, Ж.Алдаржавхлан нарын хамт нэр бүхий 40 гишүүний санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.

Хуулийн төслөөр Үндэсний их баяр наадмыг Монголын төрт ёсны бүх томоохон түүхэн ойтой хамтатган тэмдэглэдэг болгохыг зорьж байна. Тодруулбал, одоо хүчин төгөлдөр буй хуулийн 5.10 дахь хэсэгт туссан “Их Монгол Улс байгуулагдсаны ой болон Ардын хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэсэн заалтыг өргөтгөж, Тулгар төр байгуулагдсаны ой, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, 1990 оны Ардчилсан хувьсгалын ойг мөн хамруулан тэмдэглэхээр тусгажээ.

Төсөл санаачлагчдын тайлбарласнаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны зарлигаар Тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч хуульд энэ талаар тусгагдаагүй хэвээр байгаа аж. Мөн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Манж Чин улсын 200 гаруй жилийн эрхшээлд цэг тавьж, монгол төрийг дахин сэргээн байгуулсан онцгой түүхэн үйл явдал байсан тул хуулийн хүрээнд дурсаж, албан ёсоор тэмдэглэж байх үндэслэлтэй гэж үзжээ.

Түүнчлэн 1990 оны Ардчилсан хувьсгал нь хүчирхийллээс ангид, тайван аргаар нийгмийн шинэ тогтолцоог бүрдүүлсэн, олон намын тогтолцоо, хүний эрх, ардчилсан засаглалыг нэвтрүүлсэн үйл явц байсан тул төрийн баярын хэмжээнд дурсах шаардлагатай хэмээн хуулийн төсөлд тусгасан байна. Үндсэн хуулийн оршилд тодорхойлсон төрт ёсны уламжлал, түүх, соёлоо нандигнан өвлөж, ардчилсан иргэний нийгмийг бүтээн байгуулах зорилготой Монгол төрийн бодлогод ч нийцэж буйг онцолжээ.

Иймд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хүрээнд дээрх түүхэн ойдыг нэгтгэн тэмдэглэдэг болох нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний эв нэгдэл, төрт ёсны дархлаа, түүх соёл, өв уламжлалыг илэрхийлэх үндэсний хэмжээний баярын гүн агуулгыг бий болгоно гэж төсөл санаачлагчид үзжээ.  

mobile-logo