bnr-0
Баяр наадмын үеэр унаач хүүхдүүдийн эрх, аюулгүй байдлыг ханган ажиллана
07 сарын 09, 2025
ХУВААЛЦАХ
  • Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
  • Санамж бичгийн хүрээнд хурдан морины уралдаан болон бэлтгэлийн үеэр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсрол эзэмших эрх, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих үүргийг талууд харилцан хүлээжээ.
  • Мөн бүх аймаг, сумдын Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнаар дамжуулан наадмын салбар хороод, комисст шаардлага хүргүүлж, уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг чиглүүлж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбаяр нар уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд хурдан морины уралдаан болон бэлтгэлийн үеэр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсрол эзэмших эрх, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах, холбогдох хууль тогтоомжийг мөрдөн ажиллах үүргийг талууд харилцан хүлээжээ.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Наадмын өдрүүдэд бүх аймаг, сумдад олон хүүхэд хурдан морь унаж уралддаг. Уяачид хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг бүрэн хариуцаж ажиллах ёстой. Хүүхдийн эрх, аюулгүй байдал бол аливаа наадам, уралдааны салшгүй зорилт байх ёстой” хэмээн онцлон тэмдэглэв.

Мөн бүх аймаг, сумдын Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнаар дамжуулан наадмын салбар хороод, комисст шаардлага хүргүүлж, уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг чиглүүлж байгааг тус яамнаас мэдээллээ.   

mobile-logo