- Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлд тавьсан 50/50 хувийн өр, орлогын харьцааг цуцлах шийдвэр гаргалаа.
- Банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн нөхцөлийг чангатгаж, хэрэглээний бусад зээлтэй ижил зохицуулалттай болгоод байсан юм.
- Монгол Улсын хэмжээнд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 515.6 мянган иргэний 281.2 мянга нь тэтгэврийн зээлтэй байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлд тавьсан 50/50 хувийн өр, орлогын харьцааг цуцлах шийдвэр гаргалаа.
Төв банкнаас өнгөрсөн гуравдугаар сарын 7, зургадугаар сарын 13-ны өдрийн Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаанаар банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн нөхцөлийг чангатгаж, хэрэглээний бусад зээлтэй ижил зохицуулалттай болгоод байсан бол ийнхүү эдгээр шийдвэрийг хүчингүй болгож, арилжааны банкуудын мөрдөж байсан хуучин нөхцөлд нь хэвээр үлдээлээ.
Өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангах, өрийн хэт өндөр дарамтад орохоос хамгаалах зорилгоор ийнхүү тэтгэврийн зээлийг зохицуулсан шат дараатай бодлогын шийдвэрүүдийг гаргаснаа Төв банкны зүгээс тодотгож байсан. Гэвч зээл авах боломжийг нь хязгаарлаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа талаар зарим иргэдээс ирүүлсэн гомдол, Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хороо, УИХ-ын гишүүдээс Монголбанканд ирүүлсэн хүсэлтийг харгалзан ийнхүү шийдвэрлэжээ. Энэ сарын 3-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар уулзаж, тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар ярилцсан юм.
Энэ оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 515.6 мянган иргэний 281.2 мянга нь тэтгэврийн зээлтэй байжээ.