bnr-0
Газрын тосны үнэ огцом унаж, Азийн хөрөнгийн зах зээл огцом өсөв
06 сарын 24, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль болон Ираны хооронд гал зогсоох тохиролцоог зарласны дараа газрын тосны үнэ унав.
  • Брент төрлийн газрын тосны үнэ 5 хувиар унаж, нэг баррель нь 70 ам.доллараас доош буулаа.
  • Өмнөд Солонгос, Японы индексүүд 1–3 хувиар өсч, технологийн салбар тэргүүлсэн бол эрчим хүчний компаниудын хувьцаа буурав.
Газрын тосны үнэ үүлийн хоёр өдрийн дотор 12 хувиар унасан байна.

Израиль болон Иран гал зогсоох тохиролцоонд хүрсэн тухай мэдэгдэл хийсний дараа дэлхийн зах зээлд газрын тосны үнэ хүчтэй дарамтад орж, арилжааны гол индикатор болох Брент төрлийн тосны үнэ 70 ам.доллараас доош унасан байна. Энэ нь сүүлийн хоёр өдрийн дотор 12 хувиар унасан үзүүлэлт бөгөөд 2022 оны гуравдугаар сараас хойших хамгийн огцом уналт болжээ.

Газрын тосны ханшийн энэ огцом хэлбэлзэл нь АНУ-аас Ираны цөмийн байгууламжууд руу агаарын цохилт өгсөний дараахан Иран Хормузын хоолойг хаах эрсдэлтэй хэмээх болгоомжлолтой холбоотой байсан ч гал зогсоох тохиролцооны улмаас энэ эрсдэл үндсэндээ арилсан байна. АНУ-ын таамаглалын платформ болох Polymarket дээр тус хоолойг 2025 онд хаах магадлал өмнө нь 60 хувь хүрээд байсан ч одоо 17 хувь болтлоо буурчээ.

Геополитикийн дарамт намжсан үед газрын тосны нийлүүлэлт харьцангуй хангалттай байгааг шинжээчид онцолж байна. OPEC+ буюу нефть экспортлогч орнуудын холбоо сүүлийн саруудад олборлолтоо нэмэгдүүлээд буй юм.

Хөрөнгийн зах зээлд эерэг дохио мэдрэгдэж, Токио болон Сөүлд хувьцааны индексүүд өсөлт үзүүлэв. Японы Nikkei индекс 400 гаруй нэгжээр буюу 1 хувиар өсч, Lasertec болон Tokyo Electron зэрэг технологийн компаниуд тэргүүллээ. Харин Өмнөд Солонгосын KOSPI индекс 3 хувиар өссөн бөгөөд SK Hynix 7 хувиар, Samsung Electronics 4 хувиар өсч зах зээлийг өөд нь чирлээ.

Газрын тосны ханш унасны нөлөөгөөр эрчим хүчний салбарын компаниудын хувьцаа буурсан байна. Японы Inpex 7 хувиар, Japan Petroleum Exploration 6 хувиар тус тус буурав. Үүний зэрэгцээ валютын зах зээлд Японы иен бэхжиж, ам.долларын эсрэг 145 иений ханштай болсон бол Японы 10 жилийн хугацаатай ЗГ-ын үнэт цаасны өгөөж 0.010 нэгжээр өсч, 1.415 хувьд хүрэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлээр, Иран зургаан цагийн дотор гал зогсоох нөхцөлийг эхлүүлж, эхний 12 цагийн турш зэвсэг хэрэглэхгүй байх бол, үүний дараа Израиль мөн 12 цагийн турш гал нээхгүй байх нөхцөлийг биелүүлэхээр болсон байна. Хэрэв энэ шат амжилттай хэрэгжвэл, Израиль-Ираны дайн албан ёсоор төгсгөл болохыг Трамп онцолжээ.

Эдийн засагчид энэ хэлэлцээр бодитоор хэрэгжиж эхэлбэл, газрын тосны ханш цаашид 60 ам.доллараас доош унах магадлалтай гэж дүгнэж байна. Энэ нь дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх гол хүчин зүйлсийн нэг гэж үзэж байна.  

mobile-logo