- “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск улс төрд оруулдаг санхүүгийн дэмжлэгээ цаашид мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулахаа мэдэгдлээ.
- Маск 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампыг дэмжиж 250 сая ам.доллар хандивлаж байв.
- Маск энэ сараас эхлэн “DOGE”-ийн ажилд оролцох хугацаа, оролцоогоо эрс багасгаж, бизнесүүддээ анхаарлаа хандуулах болсноо өмнө нь мэдэгдсэн.

“Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск улс төрд оруулдаг санхүүгийн дэмжлэгээ цаашид мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулахаа мэдэгдлээ. Түүнээс Катарт болсон Эдийн засгийн форумын үеэр, өмнөх шиг их хэмжээний хандив үргэлжлүүлэн өгөх эсэх тухай асуухад “Би хангалттай зүйл хийсэн гэж бодож байна. Тиймээс цаашид улс төрд зарцуулах мөнгөө эрс багасгана” хэмээн хариулжээ.
Маск 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампыг дэмжиж 250 сая ам.доллар хандивласан бөгөөд мөн Бүгд Найрамдах намынхныг Конгресс дахь олонхын суудлаа хадгалахад нь туслах зорилгоор 19 сая гаруй ам.доллар зарцуулсан байна. Түүнчлэн Маскийн үүсгэн байгуулсан улс төрийн хандивын хороо болох “America PAC” болон “Building America’s Future” байгууллага Висконсин мужийн Дээд шүүхийн сонгуульд Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Брэд Шимелийг дэмжин нийт 20 сая гаруй ам.доллар зарцуулжээ. Гэвч түүний дэмжсэн нэр дэвшигч сонгуульд ялагдсан юм.
Трампын засаг захиргаанд Маск “Засгийн газрын үр ашигтай байдлын яам” (“DOGE”) нэртэй шинэ төслийг удирдаж, төрийн байгууллагуудыг цөөлөх ажлыг ахалсан. Гэвч улс төрд идэвхтэй оролцох болсон нь Маск болон түүний компаниудын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, олон нийтийн дунд дэмжлэг буурсан байна. Үүний зэрэгцээ “Tesla”-ийн хувьцааны ханш огцом унаж, зарим үзэсгэлэнгийн танхимууд нь халдлагад өртөх болсон талаар мэдээлжээ.
Маск энэ сараас эхлэн “DOGE”-ийн ажилд оролцох хугацаа, оролцоогоо эрс багасгаж, бизнесүүддээ анхаарлаа хандуулах болсноо өмнө нь мэдэгдсэн. Харин түүний зөвлөхийн хэлснээр, “Маск улс төрөөс бүрэн гараагүй. Харин дуулиан шуугианаас зайлсхийж, чимээгүйгээр дэмжлэг үзүүлэх чиг баримжаатай ажиллах болно” хэмээн онцолжээ.