- Төрийн тэргүүнүүд “Иж бүрэн түншлэлийн” тунхаглалд гарын үсэг зурлаа.
- Арван дөрвөн салбарт хамтран ажиллах баримт бичиг баталжээ.
- Эдийн засаг, байгаль орчин, боловсрол зэрэг салбарын өргөн хүрээтэй тохиролцоонд хүрэв.

Монгол, Узбекистан хоёр улс харилцаагаа анх удаа стратегийн өндөр түвшинд хүргэж, “Иж бүрэн түншлэл”-ийн статустай боллоо. Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, улс төр, эдийн засаг, боловсрол, байгаль орчин, соёл, спорт зэрэг 14 салбарт хамтын ажиллагааг тэлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурсан нь хоёр улсын түүхэн харилцаанд шинэ хуудас нээж байна.
Энэхүү хамтын ажиллагааны гол баримт нь төрийн тэргүүн нарын гарын үсэг зурсан “Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Иж бүрэн түншлэлийн тухай хамтарсан тунхаглал” байлаа. Уг тунхаглалд үндэслэн талууд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн халдашгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдал, энх тайвныг бэхжүүлэх зорилгодоо үнэнч байхаа нотолсон юм.
Эдийн засгийн салбарт худалдаа, хөрөнгө оруулалт, зах зээлийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхээр талууд тохиролцсон бөгөөд эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чиглэлээр технологийн хамтын ажиллагаа өргөжих төлөвтэй байна. Хөгжлийн яамд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон нь хоёр улсын эдийн засгийн уялдаа холбоог гүнзгийрүүлэх үндэс суурь болж байна.
Гадаад харилцааны яамд 2026–2027 онд хамтарсан зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал солилцох механизмыг бий болгохоор тохиролцжээ. Үүнээс гадна хууль сахиулах байгууллагууд хоорондоо мэдээлэл, туршлага солилцох, архивын удирдлагын дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтарсан судалгаа, их сургуулиудын оюутан, багш солилцоо, цахим эрүүл мэнд болон оношилгооны дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөжээ. Хөдөө аж ахуйн хүрээнд хорио цээр, усалгааны технологи, зөгий үржүүлэг, загасны аж ахуй зэрэгт хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Байгаль орчны салбарт цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эко аялал жуулчлалыг дэмжих туршлага, санаачилгуудыг солилцохоор тохиролцжээ. Мөн хоёр улс уламжлалт дуу хуур, бүжиг, ардын өвийг хамгаалах, олон улсын наадам, соёлын арга хэмжээнд хамтран оролцох хөтөлбөрийг 2025–2028 онд хэрэгжүүлэхээр боллоо.
Спортын салбарт тамирчид, дасгалжуулагчид, мэргэжилтнүүдийн солилцоо хийх замаар олон улсын тэмцээн, сургалтын хөтөлбөрт хамтран оролцох нөхцөлийг бүрдүүлнэ.
Ийнхүү хоёр улсын төрийн тэргүүн нарын түүхэн уулзалт стратегийн иж бүрэн түншлэлийн эхлэлийг тавьж, Монгол-Узбекистаны харилцааг бүс нутгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах шинэ шатанд гаргалаа.