- Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахыг зорьж байна.
- Энэхүү шинээр барьж буй салбар төмөр зам нь 102 км урт үргэлжилнэ.
- Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан салбар төмөр замын ажлын явцтай танилцлаа.

Шинээр барьж буй салбар төмөр зам болох Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахыг зорьж байна. Тус бүтээн байгуулалтыг энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн ба үндэсний 110 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 2500 гаруй ажилтан ажиллахаар төлөвлөсөн. Энэхүү шинээр барьж буй салбар төмөр зам нь Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч Хөшигийн хөндий хүртэл 102 км урт дан замтай, 3 өртөө, 4 зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөж байгаа аж.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан салбар төмөр замын ажлын явцтай танилцаж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр "Монголын Төмөр зам" ТӨХК болон гүйцэтгэгч байгууллагуудад үүрэг чиглэл өгчээ. Бүтээн байгуулалтын ажил 24 цагаар үргэлжилж байгаа талаар ЗТЯ мэдээллээ.