bnr-0
Калифорнийг бүрхээд буй ягаан нунтаг ямар учиртай вэ? 
01 сарын 14, 2025
ХУВААЛЦАХ
  • 1963 оноос хойш АНУ-д гал унтраахад ашиглаж эхэлсэн “Phos-Chek”-ийг үйлдвэрлэдэг “Perimeter” компаниас мэдээлснээр, уг бодисын 80 хувийг ус, 14 хувийг бордооны төрлийн давс, 6 хувийг будаг болон зэврэлтээс хамгаалах нэмэлт бодис эзэлдэг аж.
  • “Phos-Chek” болон түүнтэй ижил төрлийн галд тэсвэртэй бодисыг ой мод, ургамал дээр цацсанаар галын тархалтыг удаашруулж, хөрсийг хөргөж, шатамхай материалыг хүчилтөрөгчөөс тусгаарлан шаталтыг сааруулдаг байна.
  • Ягаан өнгө нь нисгэгчид болон гал сөнөөгчдөд бодис хаясан хэсгийг тодорхой харахад туслах зориулалттай.
“Phos-Chek” хэмээх энэ бодис Лос Анжелесийн зарим дүүргийн гудамж, байшин, автомашиныг бүхэлд нь хучжээ.

Калифорни мужид дэгдээд буй ой хээрийн түймрийг зогсоохын тулд онгоцоор ягаан өнгийн нунтаг цацаж буй дүр зураг олон хүний анхаарлыг татаж байна. “Phos-Chek” хэмээх энэ бодис Лос Анжелесийн зарим дүүргийн гудамж, байшин, автомашиныг бүхэлд нь хучжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт галын тархалтыг зогсоох зорилгоор хэдэн мянган литр бодис цацсан байна.

1963 оноос хойш АНУ-д гал унтраахад ашиглаж эхэлсэн “Phos-Chek”-ийг үйлдвэрлэдэг “Perimeter” компаниас мэдээлснээр, уг бодисын 80 хувийг ус, 14 хувийг бордооны төрлийн давс, 6 хувийг будаг болон зэврэлтээс хамгаалах нэмэлт бодис эзэлдэг аж. Ягаан өнгө нь нисгэгчид болон гал сөнөөгчдөд бодис хаясан хэсгийг тодорхой харахад тусалдаг бөгөөд хэд хоногийн дараа нарны гэрэлд өнгө нь бүдгэрч, хөрсний өнгөтэй төстэй болдог хэмээв.

Тус компани хүмүүсийг аюулгүй болсон даруйдаа уг бодисыг цэвэрлэхийг зөвлөжээ. Учир нь бодисыг удааж, хатаавал арилгахад илүү хэцүү болдог аж. Жижиг хэсгүүдийг бүлээн ус, саван ашиглан цэвэрлэж болох бол том гадаргууг өндөр даралттай усаар шүршиж арилгах нь илүү үр дүнтэй хэмээн зөвлөжээ.

“Phos-Chek” болон түүнтэй ижил төрлийн галд тэсвэртэй бодисыг ой мод, ургамал дээр цацсанаар галын тархалтыг удаашруулж, хөрсийг хөргөж, шатамхай материалыг хүчилтөрөгчөөс тусгаарлан шаталтыг сааруулдаг гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Гэвч уг бодисыг байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үзэх хүмүүс ч бий. 2022 онд нэгэн байгууллага шүүхэд гомдол гарган, АНУ-ын Ойн албыг цэвэр усны тухай хуулийг зөрчсөн гэж буруутгажээ. Тэд “Phos-Chek” нь үр дүн муутай төдийгүй загасны амьдрах орчныг сүйтгэж байна хэмээн шүүмжилсэн байна.   

mobile-logo