- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан тарифыг энэ оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэнэ.
- Энэхүү шийдвэр нь АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулаагүй орнуудад хамаарах юм.
- Ойрын өдрүүдэд худалдааны шинэ хэлэлцээрүүд зарлагдах төлөвтэй байна хэмээн Бессент дурдлаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан тарифыг энэ оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр болсон талаар тус улсын Сангийн сайд Скотт Бессент мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулаагүй орнуудад хамаарах юм.
“Хэрэв улс орнууд хэлэлцээг эцэслэхгүй бол наймдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 2-нд зарласан тарифын түвшин дахин хүчин төгөлдөр болно гэдгийг Ерөнхийлөгч Трамп тэдэнд бичгээр анхааруулах болно” хэмээн Бессент мэдэгдлээ.
Түүний хэлснээр, улс тус бүрд нь хаягласан албан ёсны захидалд “Хэрэв тохиролцоонд хүрээгүй бол тарифыг өмнөх өндөр түвшинд хэвээр үлдээнэ” гэсэн агуулга тусгагдах ажээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Трамп АНУ-ын худалдааны голлох түншүүддээ өндөр тариф ногдуулж байгааг зарласан ч, хэлэлцээр хийх зорилгоор 90 хоногийн хугацаанд тарифын хэрэгжилтийг түр зогсоосон. Тус хугацаа энэ лхагва гарагт дуусгавар болж байгаа нь хөрөнгө оруулагчид болон гадаад худалдааны түншүүдийн дунд тодорхойгүй байдал үүсгээд байна.
“Тэд наймдугаар сарын 1-нээс эхлэн тариф төлж эхэлнэ. Ихэнх тохиолдолд тэр өдрөөс эхлэн мөнгө АНУ руу орж ирнэ” гэж Трамп баасан гарагт сэтгүүлчдэд хэлжээ.
Ойрын өдрүүдэд худалдааны шинэ хэлэлцээрүүд зарлагдах төлөвтэй байна хэмээн Бессент дурдлаа.