- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэсийн импортод 50 хувийн тариф ногдуулах болсноо зарлалаа.
- Эмийн бүтээгдэхүүний импортод 200 хувийн тариф ногдуулахаар төлөвлөж байгаа бөгөөд эм үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлээ АНУ руу шилжүүлэх нэг жил хагасын хугацаа олгох аж.
- Тус мэдэгдэл гарснаар зэсийн ханш огцом өсөж, нэг өдрийн дотор 13.12 хувиар нэмэгдэн 1989 оноос хойших хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэсийн импортод 50 хувийн тариф ногдуулах болсноо зарлаж, цаашид тодорхой салбаруудыг чиглэсэн өндөр тарифууд тогтоохоор төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тариф хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар тодорхой хугацаа дурдаагүй юм.
Түүнчлэн тэрбээр ойрын хугацаанд эмийн бүтээгдэхүүний импортод 200 хувийн тариф ногдуулахаар төлөвлөж байгаагаа зарласан бөгөөд эм үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлээ АНУ руу шилжүүлэх нэг жил хагасын хугацаа олгоно гэв.
Тус мэдэгдэл гарснаар зэсийн ханш огцом өсөж, нэг өдрийн дотор 13.12 хувиар нэмэгдэн 1989 оноос хойших хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ. Үүний зэрэгцээ дэлхийн зэсийн топ олборлогчдын нэг Freeport-McMoRan компанийн хувьцааны ханш 5 хувиар өссөн байна.
АНУ нийт зэсийн хэрэглээнийхээ 50-иас илүү хувийг гадаадаас, тэр дундаа Чили улсаас импортолдог. Энэ оны хоёрдугаар сард Трамп үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс зэсийн импортын тарифт хяналт шалгалт хийхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон бөгөөд АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник мягмар гарагт CNBC-д өгсөн ярилцлагадаа уг судалгаа дууссан тухай мэдэгдэв.
Зэсийн үйлдвэрлэлийг эх орондоо буцааж авчрах нь бидний гол зорилго.
Эмийн бүтээгдэхүүний импортын тухайд, тарифын хэмжээ хараахан эцэслэгдээгүй хэвээр байгаа ч Трамп 200 хувийн тариф ногдуулах төлөвтэй байгааг давтан хэлжээ. Тэрбээр эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг АНУ руу буцаан татах тодорхой хугацаа олгоно гэв.
Харин тус улсын Худалдааны сайд Лутникийн мэдээлснээр, эм болон хагас дамжуулагч чипийн тарифын талаарх судалгааны үр дүн энэ сарын сүүлчээр бэлэн болж, дараагийн бодлого тодорхой болох аж.