bnr-0
“Nvidia”-ийн хувьцааны ханш дээд түвшинд хүрч, дахин дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо
06 сарын 26, 2025
ХУВААЛЦАХ
  • “Nvidia”-ийн хувьцааны ханш 4 гаруй хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 3.77 их наяд ам.долларт хүрснээр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын эрэмбийг дахин тэргүүллээ.
  • Хятадын 50 тэрбум ам.долларын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй болсон ч “Nvidia”-ийн орлого тасралтгүй өссөөр байна.
  • Женсен Хуанг хиймэл оюунаас гадна робот техникийг “Nvidia”-ийн дараагийн хөгжлийн томоохон боломж хэмээн тодотголоо.
2024 оны эхний улиралд тус компанийн орлого 69 хувиар өссөн ба 2025 онд 200 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн шинжээчид таамаглаж байна.

Хиймэл оюуны чип үйлдвэрлэгч “Nvidia”-ийн хувьцааны ханш лхагва гарагт 4 гаруй хувиар өсөж, 154.31 ам.долларт хаагдсанаар он гарснаас хойших түүхэн дээд түвшинд хүрлээ. Үүний үр дүнд тус компанийн зах зээлийн үнэлгээ 3.77 их наяд ам.долларт хүрч, “Microsoft” болон “Apple”-ийг ардаа орхин дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын эрэмбийг дахин тэргүүлж эхэллээ.

Хэдийгээр АНУ-ын экспортын хязгаарлалтаас шалтгаалан Хятадын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй болсон ч “Nvidia”-ийн өсөлт саарсангүй, орлого нь өссөөр буй. Тус компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг “Хятадын 50 тэрбум ам.долларын чипийн зах зээл АНУ-ын технологийн компаниудад үндсэндээ хаагдсан” хэмээн өмнө нь мэдэгдсэн байдаг. Уг хоригийн улмаас тус компани Хятадын зах зээлд цаашид борлуулалт хийх боломжгүй болж, 4.5 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа, нөөц хөрөнгөө бүрэн алдагдлаар бүртгэсэн талаараа онцолж байв. 

Гэсэн хэдий ч “Nvidia”-ийн 2024 оны эхний улирлын санхүүгийн үзүүлэлтүүд эерэг гарсан бөгөөд нийт орлого нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 69 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд дата төвийн зориулалттай хиймэл оюуны чипүүдийн эрэлт голлон нөлөөлсөн бөгөөд 2025 оны төгсгөлд тус компанийн орлого 200 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн шинжээчид таамаглаж байна.

Жил бүр болдог хувьцаа эзэмшигчдийн хурал дээр Женсен Хуанг “Хиймэл оюунаас гадна робот техник бол ‘Nvidia’-ийн дараагийн хөгжлийн томоохон боломж” хэмээн онцлон тэмдэглэжээ.   

mobile-logo