bnr-0
Зогсоол олдохгүй байна уу, асуудалгүй: Их багтаамжтай 40 зогсоолын ажил эхэлнэ
06 сарын 26, 2025
ХУВААЛЦАХ
  • Нийслэлд их багтаамжтай зогсоол барих 90 байршлыг тодруулжээ.
  • Эхний ээлжид 40 байршилд ажил эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
  • Баянгол дүүрэгт хамгийн эхний зогсоолуудыг барьж, ашиглалтад оруулна.
Улаанбаатар хотын 90 байршилд их багтаамжтай автомашины зогсоол барихаар төлөвлөжээ.

Нийслэлийн авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн найман сарын турш хийгдсэн судалгааны үр дүнд Улаанбаатар хотын 90 байршилд их багтаамжтай автомашины зогсоол барихаар төлөвлөжээ. Эдгээрээс эхний 40 байршилд ажил эхлүүлэхээр нийслэлийн Ерөнхий архитектор болон дүүргүүдийн холбогдох албаныхан газар дээр нь ажилласан байна.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн мэдээлснээр, авто зогсоолын байршлуудыг тодруулахдаа хороодын Засаг дарга нар болон иргэдийн саналд тулгуурласан аж. “Бид Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу төлөвлөгөөнд багтсан байршлуудын нийгмийн орчин, бодит хэрэгцээг харгалзан үзэж, оршин суугчдын саналыг үндэслэл болгож байгаа. Жишээлбэл, Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 86 дугаар цэцэрлэгийн орчимд 2500 ам.метр талбайд баригдах зогсоол нь сургууль, цэцэрлэг болон орон сууцны хорооллын дунд байрлах учраас хамгийн эхэнд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна. Уг төсөлд хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллаж, иргэдийн хэрэгцээнд нийцсэн шийдэл гаргана” хэмээн онцоллоо.

Авто зогсоолын хүртээмжийн асуудал хамгийн хүндрэлтэй дүүргүүдийн нэг бол Баянгол. Тус дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарын хэлснээр, дүүргийн хэмжээнд албан ёсоор бүртгэлтэй 120 мянган автомашин байгаа ч ердөө 37 мянга гаруй автомашины багтаамжтай зогсоолтой байна. Өөрөөр хэлбэл, гурван автомашин тутмын зөвхөн нэгд л зогсоол ноогдож байгаа нь бодит хомсдлыг илтгэж байна.

Тиймээс зогсоолын асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэх шаардлагатайг онцолж, дүүргийн 15 дугаар хороо, “Билэг” их дэлгүүрийн ойролцоох 2644 ам.метр талбайд далд зогсоол байгуулах төлөвлөгөө мөн яригдаж буйг мэдэгдлээ. Тус талбай нь 2003 оноос хойш ашиглагдаагүй бөгөөд оршин суугчдын зүгээс газар дээр нь ногоон байгууламжтай зогсоол барих санал гаргасан байна.

Нийслэлийн хэмжээнд эхний ээлжинд хэрэгжих 40 байршлын төслүүд амжилттай хэрэгжвэл үлдсэн 50 байршилд мөн авто зогсоолын ажил үргэлжлэн өрнөх юм. Ингэснээр олон жил шийдлээ олоогүй нийслэлийн зогсоолын хомсдолд бодитой ахиц гарах эхлэл тавигдаж байна.  

mobile-logo