- 34 Элчин сайд, консултай хийсэн цахим уулзалтаар Засгийн бодлого, чиглэлийг танилцууллаа.
- Хоёр хөрш болон гуравдагч хөршийн харилцааг тэнцвэртэй байлгахыг онцлов.
- Гадаад бодлогын нэгдмэл байдал, эдийн засгийн үр ашигт суурилсан ажиллахыг үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй цахим уулзалт хийж, төрийн гадаад бодлого болон эдийн засгийн гол асуудлаар чиглэл өглөө. Уулзалтад нийт 34 Элчин сайд, Ерөнхий консул, Консул болон Гадаад харилцааны яамны газар, нэгжийн удирдлагууд оролцов.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Засгийн газрын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, дэлхий дахины геополитикийн тодорхойгүй байдалтай уялдан үүсч буй эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, улс орны өмнө тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд Элчин сайд нар идэвхтэй, санаачилгатай оролцох ёстойг онцоллоо.
Тэрээр Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогын зарчмаа тууштай баримтлах ёстойг сануулж, хоёр хөрш болон гуравдагч хөршүүдтэй харилцахдаа тэнцвэртэй байр суурь, ойлголцол, харилцан хүндэтгэлийг хангасан бодлого баримтлахыг үүрэг болгосон. Гадаад бодлогын хэрэгжилт нэгдмэл, нэг цонхны зарчимд үндэслэсэн байх шаардлагатайг ч онцлов.
Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй бүтцийн шинэчлэлийн хүрээнд төрийн хэмнэлтийн бодлогыг “Хэмнэлтийн тодотгол” нэртэйгээр боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгааг Ерөнхий сайд дурдсан. Энэ нь зөвхөн төсвийн хэмнэл биш бөгөөд төрийн бодлого, хариуцлагын уялдааг сайжруулах институцийн шинэчлэлийн нэг хэсэг болохыг онцолсон юм.
Эдийн засгийн бодлогын хүрээнд дипломат төлөөлөгчийн газрууд экспортын өсөлтийг дэмжих, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад онцгой анхаарч ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд тодорхой зааж өгсөн. Тэрээр Элчин сайд нарын гаргасан санал санаачилгыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.
Мөн гадаад харилцааны аливаа арга хэмжээ, уулзалтыг зохион байгуулахдаа Гадаад харилцааны яамтай заавал зөвшилцөж, хууль тогтоомж, бодлогын баримт бичигт нийцүүлэн ажиллахыг Засгийн газрын бүх гишүүд, дипломат албаныханд хатуу даалгалаа.
Уулзалтын үеэр ОХУ болон БНХАУ-д суугаа Элчин сайд нар хоёр улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цаашдын бодлого, үйл ажиллагааны талаар заавар, чиглэл авсан байна. Ийнхүү гадаад бодлогын уялдаа холбоог хангах, эдийн засгийн ач холбогдол бүхий харилцааг идэвхжүүлэх чиглэлээр Монгол Улсын гадаад алба бүтцийн түвшинд шинэ шатны үүрэг хүлээлээ.