- Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ.
- Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаар хэлэлцэх үеэрээ Биньямин Нетаньяху энэ тухай захидлыг түүнд гардуулан өгчээ.
- Тегераны цөмийн сонирхолд цэг тавих зорилгоор АНУ-ын Агаарын цэргийн хүчин Фордо, Натанз, Исфахан дахь цөмийн байгууламжуудыг бөмбөгдсөн билээ.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн тухайгаа даваа гарагт мэдэгдлээ. Тэрбээр Цагаан ордонд Дональд Трамптай уулзаж, Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаар хэлэлцэх үеэрээ энэ тухай захидлаа түүнд гардуулан өгчээ.
Нобелийн шагналын хороонд илгээсэн захидлыг Трамп гардан авах үеэрээ энэхүү нэр дэвшүүлэлтийн талаар мэдээгүй байснаа тодотгож, Израилийн Ерөнхий сайдад талархал илэрхийлжээ.
Тегераны цөмийн сонирхолд цэг тавих зорилгоор АНУ өнгөрсөн зургадугаар сарын 22-нд Иранд цэргийн ажиллагаа явуулж, Фордо, Натанз, Исфахан дахь цөмийн байгууламжуудыг АНУ-ын Агаарын цэргийн хүчин B-2 бөмбөгдөгч онгоцоор бөмбөгдсөн билээ. Энэхүү ажиллагаанд АНУ-ын цэргийн 125 агаарын хөлөг оролцсон байдаг.
АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын эхэнд Израилийн Ерөнхий сайд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө, Израиль улс АНУ-тай хамтран Палестинчуудын ирээдүйн сайн сайханд туслах улс орнуудыг эрэлхийлж байгаа гэж мэдэгджээ.