- Энэ долоо хоногт Арабика сортын үрийн үнэ 450 грамм тутамд 3.44 ам.долларт хүрч, энэ онд 80 хувиар өсчээ. Робуста үрийн үнэ ч есдүгээр сард шинэ дээд түвшинд хүрсэн байна.
- “Nestlé”, “Lavazza” зэрэг томоохон брэнд урт хугацааны туршид зардлын өсөлтийг өөрсдөдөө шингээж, үнийг тогтвортой хадгалахыг хичээсэн ч 2025 оны эхний улирлаас үнийн бодлогодоо өөрчлөлт хийх магадлал өндөр байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
- Кофены үнийн өсөлтийн гол шалтгаан нь Бразилд сүүлийн 70 жилд тохиогоогүй ган гачиг, түүний дараа орсон хүчтэй аадар борооны улмаас кофены ургац ихээхэн хохирол амссантай холбоотой аж.
Кофены үнэ түүхэн дээд түвшинд хүрч, кофенд дурлагсад илүү үнэтэй кофе худалдан авахад хүрэхээр байна.
Энэ долоо хоногт Арабика сортын үрийн үнэ 450 грамм тутамд 3.44 ам.долларт хүрч, энэ онд 80 хувиар өсчээ. Робуста үрийн үнэ ч есдүгээр сард шинэ дээд түвшинд хүрсэн байна.
Үнийн энэхүү огцом өсөлтөд Бразил, Вьетнам зэрэг дэлхийн томоохон кофе үйлдвэрлэгч орныг хамарсан цаг агаарын таагүй нөхцөл байдал болон кофены эрэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
“Nestlé”, “Lavazza” зэрэг томоохон брэнд урт хугацааны туршид зардлын өсөлтийг өөрсдөдөө шингээж, үнийг тогтвортой хадгалахыг хичээж ирсэн. Гэвч одоо эдгээр компани үнээ нэмэхээс аргагүй байдалд орж, 2025 оны эхний улирлаас үнийн бодлогодоо өөрчлөлт хийх магадлал өндөр байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Тухайлбал, Италийн “Lavazza” компани зардлаа хэрэглэгчдэд бага нөлөөтэй байдлаар зохицуулахыг эрмэлзсэн ч үнийн өсөлт улам даамжирсан тул бүтээгдэхүүний чанараа хадгалахын тулд үнээ нэмэхээс аргагүй болсноо мэдэгджээ. “Nestlé” ч үнийн өсөлт компанид ихээхэн хүндрэл учруулж байгааг онцолж, бизнесийн стратегиа өөрчлөх шаардлага тулгарсныг дурдсан байна.
Кофены үнийн өсөлтийн гол шалтгаан нь Бразилд сүүлийн 70 жилд тохиогоогүй ган гачиг, түүний дараа орсон хүчтэй аадар борооны улмаас кофены ургац ихээхэн хохирол амссантай холбоотой аж. Вьетнамд ч мөн ган болон үерийн улмаас Робуста үрийн үйлдвэрлэл эрс буурчээ.
Кофе нь газрын тосны дараа дэлхийд хамгийн их худалдаалагддаг бараа бөгөөд эрэлт нь тасралтгүй өссөөр буй. Жишээлбэл, Хятадад сүүлийн 10 жилийн хугацаанд кофены хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн байна. Үүнээс гадна дэлхий даяар кофены үрийн нөөц багасаж байгаа тул үнэ нь ойрын хугацаанд өндөр хэвээр байх төлөвтэй байгаа хэмээв.