Хэрэв та ихэнх хүмүүсийн нэгэн адил бол санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах хэдэн үндсэн алхмыг хийх хэрэгтэйгээ мэддэг ч одоохондоо хэрэгжүүлж амжаагүй л яваа байх.
Таныг тайвшруулахад, санхүүгийн бэрхшээлд орсон нь таны буруу биш гэдгийг ойлгоорой. Учир нь хүн төрөлхтөн байгалиасаа эрсдэлээс зайлсхийж, одоо байгаа байдалдаа дасан зохицох хандлагатай байдаг. Энэ үзэгдлийг "статус кво" буюу "Өөрчлөлтөөс зайлсхийх үзэл" гэж нэрлэдэг. Мэргэшсэн санхүүгийн төлөвлөгч, сэтгэл зүйч, "Баян сэтгэ" номын зохиолч Брэд Клонц үүнийг тайлбарлахдаа "Хүмүүс өөрчлөлт хийхээс зайлсхийдэг. Өөрчлөлт хийхэд сэтгэлийн хүч, эрч энерги их шаарддаг тул бид байгалиасаа залхуурч, төвөгшөөдөг" гэжээ.
Үүнээс гадна өрөө төлж, тэтгэврийн хуримтлал үүсгэх зэргээр санхүүгийн зорилго өөртөө тавьж, түүнийгээ биелүүлэхэд сэтгэл ханамжаа хойш тавих шаардлагатай болдог. Мөнгөө яг энэ мөчдөө зарцуулахын оронд ирээдүйн зорилгодоо зориулах нь олон хүнд хэцүү санагддаг аж.
Тэгвэл эдгээр бэрхшээлийг даван туулахын тулд өөртөө сэтгэл хөдлөлийг өдөөж, урам зориг өгөхүйц систем бий болгох хэрэгтэй гэж Клонц зөвлөжээ. Мэдээж хэцүү ч гэлээ энэ бол “Баяжих үндсэн түлхүүр” хэмээн онцолсон юм.
Санхүүгийн зорилгоо автоматжуулж, тодорхой болгох
Ихэнх хүмүүсийн хувьд санхүүгийн "статус кво" нь цалингаа ормогц бүгдийг нь зарцуулдаг зуршил байдаг. Хэрэв та мөн ийм зуршилд гацсан бол энэ байдлаас гарах эхний алхам нь мөнгөө хүссэн зүйлдээ зориулан "ажиллуулж" эхлэх юм.
Юуны түрүүнд, мөнгөний зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Үүндээ урам зориг өгөх, сэтгэл хөдлөлөөрөө холбогдохуйц алсын хараа бий болгох нь чухал. “Сэтгэл ханамжаа хойш тавих нь хүн төрөлхтний мөн чанарт байдаггүй. Тиймээс та сэтгэл зүрхээрээ холбогдох хүчтэй шалтгаантай байх ёстой” гэж Клонц зөвлөжээ.
Үүнд тэтгэвэрт гарах, байр худалдаж авах зэрэг урт болон дунд хугацааны төлөвлөгөөнөөс авахуулаад өрнөөс гарах, яаралтай үед хэрэглэх хадгаламж нээх зэрэг санхүүгийн тогтвортой байдлын хэрэгцээнд тохирсон зорилт багтаж болно.
Зорилгоо тодорхой болгосны дараа эдгээрт мөнгөө хуваарилах нь илүү хялбар болж ирнэ.
Түүнчлэн Клонцын хэлснээр, зорилго тус бүрдээ тусад нь данс нээж, нэр өгөх нь үр дүнтэй гэнэ. Жишээлбэл, аялалд зориулж мөнгө хадгалж байгаа бол хадгаламжийн дансаа “2025 онд Итали руу гэр бүлээрээ хийх аялал” хэмээн нэрлэж болно.
“Энэ бол маш үр дүнтэй арга. Ингэснээр тухайн хадгаламж таны зорилгын нэг хэсэг болж, мөнгө төдий данс биш, хамаагүй утга учиртай зүйл болно” гэж тэр онцолсон юм.
Мөн дансаа нээснийхээ дараа дансандаа мөнгө шилжүүлэх ажлыг автоматжуулсан системээр шийдэх нь чухал. Жишээлбэл, цалингаа ормогц хүссэн данс руугаа автоматаар шилжүүлдэг болгож болно. Ингэснээр та мөнгөө яаж зарцуулах талаар дахин бодох шаардлагагүй болно.
“Сар бүр хэр их мөнгө үлдсэнийг шалгаж, гараараа шилжүүлэг хийх гэж найдах юм бол энэ төлөвлөгөө бүтэлгүйтэх магадлалтай” гэж Клонц анхааруулсан байна. Автоматжуулалтын тусламжтайгаар та санхүүгийн зорилгодоо хүрэх бүх саадыг арилгаж, мөнгөө өмнөөс тань ажиллаж байгааг мэдрэн амгалан байж чадна.