bnr-0
Өндөгний үнэ дээд түвшиндээ хүрэх магадлалтай
12 сарын 13, 2024
ХУВААЛЦАХ
  • АНУ-д өндөгний үнэ 2023 оны арваннэгдүгээр сараас хойш 38 хувиар өсөж, 12 ширхэг өндөгний дундаж үнэ 3.65 ам.долларт хүрлээ.
  • Халдварт өвчний улмаас 33 сая өндөглөгч тахиаг устгаж, өндөгний нийлүүлэлт эрс хомсдсон нь ийнхүү үнэ өсөхөд нөлөөлжээ.
  • Өмнө нь 2023 оны нэгдүгээр сард өндөгний үнэ 4.82 ам.долларт хүрч, дээд түвшиндээ очиж байсан бөгөөд энэ удаад ч мөн тус байдал давтагдах магадлал өндөр байгааг шинжээчид хэлж байна.
Өмнө жилийн мөн үед 2.14 ам.долларын үнэтэй байсан өндөг ийнхүү сүүлийн сард л гэхэд 8 хувиар өсөөд байна.

АНУ-д өндөгний үнэ 2023 оны арваннэгдүгээр сараас хойш 38 хувиар өсөж, 12 ширхэг өндөгний дундаж үнэ 3.65 ам.долларт хүрлээ. Өмнө жилийн мөн үед 2.14 ам.долларын үнэтэй байсан өндөг ийнхүү сүүлийн сард л гэхэд 8 хувиар өсөөд байна.

Тэгвэл энэхүү үнийн огцом өсөлтөд хүнд хэлбэрийн шувууны ханиад шууд нөлөөлжээ. Тус халдварт өвчний улмаас 33 сая өндөглөгч тахиаг устгаж, өндөгний нийлүүлэлт эрс хомсдсон байна. Хорогдсон тахианы тоо толгойн тал хувь нь аравдугаар сарын хагаст бүртгэгдсэн бөгөөд энэ нь бөөний үнийг хоёр дахин өсөхөд хүргэжээ.

Үүнтэй зэрэгцэн Талархлын баяр болон Зул сарын баярын үеэр өндөгний эрэлт огцом нэмэгдсэн нь үнэ өсөхөд нөлөөлсөн аж. Өмнө нь 2023 оны нэгдүгээр сард өндөгний үнэ 4.82 ам.долларт хүрч, дээд түвшиндээ очиж байсан бөгөөд энэ удаад ч мөн тус байдал давтагдах магадлал өндөр байгааг шинжээчид хэлж байна.

Гэхдээ баярын өдрүүд өнгөрсний дараа өндөгний үнийн өсөлт саарч, тодорхой хэмжээгээр буурах хандлагатай хэмээн таамаглаж буй. Гэсэн ч шувууны ханиадны нөхцөл байдал хэрхэн өрнөхөөс ихээхэн хамаарах аж. Тус халдварт өвчин хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй хэвээр байгаа тул үнийн хэтийн төлөв таамаглахад хүндрэлтэй байна.

АНУ-ын Засгийн газар вирусын тархалтыг хянах, зогсоох зорилгоор сүү, тахианы бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулах ажлыг эрчимжүүлээд байгаа ч өвчний тархалтыг бүрэн хязгаарлахад цаг хугацаа шаардлагатайг шинжээчид онцолжээ.   

mobile-logo