- Санхүүгийн нөхцөл байдал нь хүндэрч, татварын өрөнд орсон татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална.
- Татвар төлөгч бизнесийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр өрөө төлөх боломжоор хангах, үйл ажиллагааг үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх ажээ.
- Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.

Засгийн газраас Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар татвар төлөгчдөд үзүүлэх зөвлөн туслах үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, гааль, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө авах боломж хялбар болох аж. Жишээлбэл, татварын эрсдэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл үүссэн тохиолдолд татварын алба урьдчилан сануулж, татвар төлөгчид алдаа, зөрчлөө өөрөө засах, арилгах боломжийг олгох юм.
Үүний үр дүнд татвар төлөгч, татвар, гаалийн байгууллагын хооронд үүсдэг хуулийн хэрэглээтэй холбоотой маргаан багасаж, татварын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Түүнчлэн, татварын алба татвар төлөгчийг алдаа гаргасны дараа хянан шалгаж акт, торгууль тавих бус, татварын тайланг залруулах хугацааг сунгаж, татвар төлөгчдөд итгэл үзүүлнэ. Санхүүгийн нөхцөл байдал нь хүндэрч, татварын өрөнд орсон татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг халж, тодорхой хэсгийг битүүмжлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр татвар төлөгч бизнесийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр өрөө төлөх боломжоор хангах, үйл ажиллагааг үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх ажээ.