- Лхагва гарагийн арилжаагаар “Nvidia” компани 4 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээнд хүрсэн анхны компани боллоо.
- “Microsoft”, “Apple” зэрэг технологийн гигантыг гүйцэж, “Nvidia” дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниар нэрлэгдэж байна.
- Чип үйлдвэрлэгч гигантын хувьцааны ханш сүүлийн таван жилийн хугацаанд 15 дахин өсчээ.

Хиймэл оюуны техник хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж буй “Nvidia” компани 4 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээнд хүрсэн анхны компани боллоо. Лхагва гарагийн арилжааны явцад тус компанийн зах зээлийн үнэлгээ түүхэнд анх удаа 4 их наяд ам.долларын түвшнийг давж, харин хаалтын ханш нь 1.8 хувиар өссөнөөр зах зээлийн нийт үнэлгээ нь 3.97 их наяд ам.долларт тогтлоо.
Технологийн гигант “Microsoft”, “Apple” компани хэдийгээр 3 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээнд түрүүлж хүрсэн ч өдгөө “Nvidia” гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниар нэрлэгдэж байгаа юм. Калифорнид төвтэй “Nvidia” 1993 онд үүсгэн байгуулагдсан ба зах зээлийн нийт үнэлгээний хувьд 2024 оны хоёрдугаар сард 2 их наяд ам.долларын түвшинд анх хүрч байсан бол зургадугаар сард 3 их наядыг давсан юм.
Хиймэл оюуны чип, техник хангамжийн эрэлт өсөн нэмэгдэж буй нь “Nvidia” компанийн орлого, ашиг, мөн зах зээлийн үнэлгээнд үлэмж эергээр нөлөөлж буй бөгөөд 2022 оны сүүлчээр ChatGPT зах зээлд танилцуулагдсанаас хойш эрчимжсэн байдаг.
Энэхүү өсөлтийн ачаар тус чип үйлдвэрлэгч гигантын хувьцааны ханш сүүлийн таван жилийн хугацаанд 15 дахин өссөн бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд л гэхэд 15 хувиар, харин он гарснаас хойш 22 хувийн өсөлт үзүүлээд байна. АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны дайн эрчимжиж, Хятад руу хийх хиймэл оюуны чипийн экспортыг хязгаарласан ч “Nvidia”-ийн ралли зах зээлд үргэлжилсээр байна. H20 загварын чипийн экспортын энэхүү хязгаарлалт нь тус компанийн хувьд нийт 8 тэрбум ам.долларын борлуулалтын хохирол учруулж байгааг компанийн зүгээс өнгөрсөн тавдугаар сард мэдээлсэн юм. “50 тэрбум ам.доллараар үнэлэгдэх Хятадын зах зээл АНУ-ын хувьд хаалттай боллоо” хэмээн тус компанийн үүсгэн байгуулагч Женсен Хуанг тухайн үед мэдэгдэж байв.