- Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро “Оросын эдийн засгийг бүхэлд нь боомилох” зорилготой хоригийн шинэ багц дээр АНУ-тай хамтран ажиллах шаардлагатайг мэдэгдэв.
- Европын холбооны 17 дахь хоригийн багц “сүүдрийн хөлөг онгоц”, зэвсгийн түүхий эдийн худалдаа эрхэлдэг компаниудыг чиглэж байна.
- Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексе́й Навальный, Владимир Кара-Мурза нарын хэргүүдтэй холбоотой шүүгч, прокуроруудыг хоригт нэмжээ.

Европын холбоо ОХУ-ын эсрэг илүү хүчтэй хоригийн механизм боловсруулж, Украины дайнтай холбоотойгоор Владимир Путины дэглэмд бодит дарамт үзүүлэх шаардлагатайг Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро мэдэгдлээ.
ЕХ-ноос баталсан 17 дахь хоригийн багцын үр дүнг хангалтгүй гэж үзэж буй Барро нь цаашид АНУ-ын Конгрессоос санаачилж буй илүү хүчтэй хоригийн хууль тогтоомжтой уялдуулах зорилго тавьж буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр энэ талаарх байр сууриа Францын BFM телевизэд өгсөн ярилцлагадаа онцолж, “Оросын эдийн засгийг нэг мөр боомилохын тулд бид илүү цогц хоригт бэлтгэх ёстой” хэмээжээ.
Шинэ хоригийн багцын хүрээнд ОХУ-ын газрын тосны тээвэрт ашигладаг 200 гаруй “сүүдрийн хөлөг онгоц”-д хориг тавихаар болжээ. Энэ хоригийг батлахын тулд холбооны гишүүн хоёр улс дотоодын парламенттайгаа дахин зөвшилцөх шаардлагатай байгаа ч ирэх долоо хоногт Европын холбооны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр эцэслэн батлах хүлээлттэй байна.
Мөн уг багцад хоёрдогч хэрэглээтэй бараа, технологийн худалдаа эрхэлдэг 30 компанид шинэ хязгаарлалт тогтоохоор тусгасан бөгөөд Оросын батлан хамгаалах салбартай холбоотой 75 хувь хүн, хуулийн этгээдийг хоригийн жагсаалтад нэмжээ. Үүний зэрэгцээ Европын холбоо кибер болон гибрид аюул заналын эсрэг эрх зүйн сууриа өргөтгөхөөр тохиролцсон байна. Ингэснээр далай доорх кабель болон дэд бүтцийг зориуд гэмтээж буй хөлөг онгоцуудад хориг тавих эрх зүйн үндэс бүрдэх юм.
Түүнчлэн Барро энэ пүрэв гарагт Туркт болох НАТО-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор төлөвлөсөн бөгөөд энэ үеэр АНУ-ын Сенатор Линдси Грэмтэй уулзаж, түүний боловсруулж буй Оросын эсрэг шинэ хоригийн төслийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Сенатор Грэмийн төслийн дагуу Оросын газрын тосыг импортолдог орнуудад 500 хувийн тарифтай хориг тавихаар тусгасан байна.